Насанд хүрээгүй жолоочдын ослоос зургаан хүн амь насаа алджээ

2024, 2025 он болон энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн" 24 хэргийг Тээврийн прокурорын газар шүүхэд шилжүүлжээ.
Эдгээр гэмт хэргийн улмаас 27 хүн хохирсон бөгөөд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зургаан хүний амь нас хохирсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн нэг нь 15 настай, тав нь 16 настай, 18 нь 17 настай байсан бөгөөд хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.
Тэдгээрээс гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Шүүхээс таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан бол 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Одоо хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Прокурорын байгууллагаас эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
- Тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавихгүй байх,
- Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах,
- Жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдэд ойлголт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
Холбоотой мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус хоёр гишүүнийг томиллоо

Япон Улсын ЭСЯ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт харамсал илэрхийлж, Мобикомтой хамт шийдвэрлэхээ мэдэгдэв

Замын-Үүдээр 8.260 кг алт хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлэв

Хүнсний аюулгүй байдлын хууль зөрчсөн 422 зөрчил бүртгэгдэв

Өв хүлээхээс өмнө талийгаачийн өр төлбөрийг шалгах шаардлагатай

