Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын газар хөдлөлт болж, 16 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах бүс нутагт пүрэв гарагийн 22:33 цагийн орчимд 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж бэртсэн гэж Шиньхуа агентлаг мэдээллээ.
Баасан гарагийн шөнийн 02:25 цагийн байдлаар бэртсэн хүмүүсийн 11-ийнх нь биеийн байдал хүнд, 21 хүнийх хөнгөн байна.
Газар хөдлөлтийн голомт нь Төвөдийн хойд хэсэгт орших Нагчу дүүргийн хүн ам сийрэг, өндөр уулын бүсэд, газрын гадаргаас 10 км-ийн гүнд байжээ. Голомтоос 5 км-ийн тойрог доторх газрын дундаж өндөр далайн түвшнээс дээш 4,864 метр болохыг Хятадын Газар Хөдлөлтийн Сүлжээний Төв мэдээлсэн.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр голомтын ойролцоох тосгодод дор хаяж хоёр хүн гэмтэж, зарим байшин барилгад цууралт үүссэн. Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойш Хятад улсад бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт Төвөдийн нийслэл Лхас хотоос 400 орчим километрийн зайд байжээ.
Орон нутгийн гал унтраах болон аврах багууд гамшигт өртсөн бүс нутаг руу явж эхэлснийг төрийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан.
Газар хөдлөлтийн дараа ойр орчмын бүс нутагт 3-аас 4 магнитудын хүчтэй хэд хэдэн чичирхийлэл бүртгэгдсэнийг Хятадын мэргэжлийн байгууллага мэдээлжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн дүрс бичлэгт оршин суугчид гэрээсээ гарч, гадаа эсвэл зогсоолд байрлуулсан автомашиндаа хоргодож байгааг харуулсан байна.
2010 онд Төвөдийн хөрш зэргэлдээ Цинхай мужийн Юйшу хотод 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөхөд дор хаяж 2,698 хүн амиа алдаж, 300 орчим хүн сураггүй алга болж байсан.
Холбоотой мэдээ

Монголд 103 мянган км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна

С.Цэнгүүн нарын төсвийн ил тод байдлын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнгүй

Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэхийг дахин шаардлаа

С.Цэнгүүн: Төсвийн задаргааг нээлттэй болгох саналыг гишүүд дэмжсэнгүй

Гэр хорооллын 171 мянган айл өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

