ХААН Банк 172 сая ам.долларын санхүүжилт татлаа

ХААН Банк бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагуудаас 172 сая ам.долларын урт хугацаат санхүүжилт татлаа. Уг хамтарсан санхүүжилтийг Нидерландын хөгжлийн банк (FMO) удирдан зохион байгуулсан бөгөөд Данийн хөгжлийн санхүүгийн байгууллага (IFDK), Финландын хөгжлийн санхүүгийн байгууллага (Finnfund), BlueOrchard Microfinance Fund, ILX Funds нар хамтран 5 жилийн хугацаатай, синдикат зээл хэлбэрээр олгож байна.
Санхүүжилтийн 80 сая ам.долларыг 2009 оноос хойш ХААН Банктай хамтран ажиллаж буй FMO-ноос төгрөгөөр олгож буйгаараа онцлогтой. ХААН Банк эх үүсвэрийн 30 хувийг ногоон зээл, төслүүдэд, 70 хувийг эмэгтэй болон залуу бизнес эрхлэгч, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд зориулахаар төлөвлөжээ.
ХААН Банк 2026 оны эцэс гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл, 15 хувийг жендэрийн санхүүжилтийн зээлээр бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн FMO, Finnfund, BlueOrchard Microfinance Fund, ILX Funds-аас олгож буй санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг эмэгтэй эзэмшигч эсвэл эмэгтэй удирдлагатай бизнесүүдийг дэмжихэд зориулах юм. IDFK-ийн санхүүжилтийг бүхэлд нь ногоон зээл, төслүүдэд зориулж байна.
«Бид олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтран Монгол Улсын байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд олон жил тууштай ажиллаж ирсэн ХААН Банкны үйл ажиллагааг дэмжиж буйдаа баяртай байна. ... Бид ХААН Банктай тогтоосон урт хугацааны түншлэлээ өндрөөр үнэлдэг»
гэж FMO-ны Санхүүгийн байгууллага хариуцсан захирал Фруке Хукстра хэлсэн.
«ХААН Банк харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгжинө» гэж эрхэм зорилгодоо дурдсан байдаг. Бид олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтоосон найдвартай түншлэл, хамтын ажиллагаандаа тулгуурлан эмэгтэйчүүд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, залуучуудын хөгжлийг дэмжиж, тэдэнд шинэ боломжуудыг нээж өгөхийн төлөө тууштай ажиллаж ирсэн»
гэж ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа мэдэгдэв.
«Ногоон хөгжлийн зорилтуудыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хүртээмж нэн чухал. ХААН Банк нь Монголын өнцөг булан бүрд байгаа олон салбар нэгж, үйл ажиллагаагаараа дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх боломжийг олгож байна»
гэж IDFK-ийн Санхүүгийн үйлчилгээ хариуцсан захирал Дэйв Смит хэлсэн.
«Бид ХААН Банктай тогтоосон түншлэлээ улам өргөжүүлж, Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж буйдаа баяртай байна. ... Монгол Улсын өнцөг булан бүрд хүрсэн өргөн салбар нэгжээрээ дамжуулан эдгээр зорилтыг бодит үр дүн болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх онцгой давуу тал ХААН Банканд бий»
гэж Finnfund-ын хөрөнгө оруулалтын менежер Киав Латт онцлов.
Холбоотой мэдээ

Л.БОЛДБААТАР: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААР

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдлаа

ХХБ Өвөр Монголын банктай ногоон санхүүжилтийн чиглэлд хамтрана

Хонины махны үнэ 10 жилд 503 хувиар өссөн гэв

