АН-ын бүлэг: Оюутолгойн гурван их наяд төгрөг Баялгийн санд орох ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орох гурван их наяд төгрөг болон 2027 оны төсвийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Бүлгийн дарга Б.Түвшин 2027 оны төсөвтэй холбоотойгоор намын бүлэг гурван байр суурь баримталж байгааг тайлбарлав. Нэгд, төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Төсөөллөөр 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан ч 2.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна. Хоёрт, төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд бариулах ёстой. Төсвийн хүрээний мэдэгдлээс долоон их наяд төгрөгөөр давсан зардалтай байгааг бүлэг эсэргүүцэж байна. Гуравт, Оюутолгойгоос гурван их наяд төгрөг орж ирэхээр байгаа ч энэ нь ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв ногдол ашиг бол 66 хувийг эзэмшдэг тал зургаан их наяд төгрөг авах ёстой гэдгийг онцлов.
Тэрбээр Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага шийдвэрээ гаргасан эсэх, олон нийтэд ногдол ашиг гэж мэдээлсэн эсэх, санхүүгийн тайланд ногдол ашгийн байдлаар бүртгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж хэллээ. Одоогоор энэ гурван их наяд төгрөг ногдол ашиг мөн эсэх нь мэдэгдэхгүй байгаа аж.
Хэрэв энэ мөнгө орж ирвэл Баялгийн санд хуримтлагдах ёстой гэдгийг Б.Түвшин онцлов.
Хэвлэлийн хурлаар АН-ын бүлгийн гишүүд Оюутолгойн гурван их наяд төгрөгийг хэрхэн ашиглах талаар өөр өөр санал илэрхийлэв. Л.Гантөмөр ард иргэдэд тараах ёстой гэв. О.Цогтгэрэл Оюутолгойн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх саналтай байна. Б.Пүрэвдорж тэтгэврийн зөрүүг арилгах, Б.Түвшин тэтгэврийн санг мөнгөжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч эдгээр нь бүлгийн нэгдсэн байр суурь биш, зөвхөн хувийн үзэл бодол гэдгийг тодруулав.
Ардчилсан намын бүлгийн нэгдсэн байр суурь нь Оюутолгойн гурван их наяд төгрөгийг Баялгийн санд оруулах бөгөөд Засгийн газраас оруулж ирсэн Баялгийн сангийн хуулийг өөрчлөх асуудлыг дэмжихгүй байх явдал гэдгийг Б.Түвшин мэдэгдэв.
Түүнчлэн "Дулааны цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд маш үр ашигтай төсөл. Төр барьчихаар алдагдалд оруулаад байна. Тиймээс эдийн засгийн үр ашигтай төслийг Оюутолгойн мөнгөнөөс санхүүжүүлэх нь буруу" гэж тэрбээр хэллээ.
Холбоотой мэдээ

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Н.Номтойбаяр: Импортын хүнсний 4.6 хувьд л шалгалт хийж байна

Трампын тусгай элч Путинийг магтсан нь АНУ-д шүүмжлэл дагуулж байна

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгөх УИХ-ын тогтоол санаачилсан

Ө.Шижир: Төсөвт өртөг нэмэгдсэн барилгуудыг энэ ондоо дуусгах ёстой

