Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, гурван УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эдгээрийн дотор Оюутолгой төслөөс 2027 онд орж ирэх ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хуулийн төсөл багтсан.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал уг асуудалд холбогдуулан тайлбар өгөв.
Тэрбээр "Өнгөрсөн оны төсвийн орлогын 90 хувь нь татвараас бүрдэж байсан. 2027 онд миний өргөн мэдүүлсэн төсвийн орлогын 80 хувь татвараас бүрдэж байгаа. Төрийн өмчит компанийн ногдол ашгийг төсөвт нэгтгэсэн. Өмнө нь төрийн өмчит компанийн захирлуудын халаасаар урсаж байсан" гэв.
Мөн "Түүхэнд 1.3 их наяд төгрөгөөр татвар хөнгөлж байсан удаа байхгүй. Ирэх жил 1.3 их наяд төгрөгөөр татвар хөнгөлнө. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал ирээд "дахин баталгаажуулъя" гэж хэлсэн. Нэг ёсондоо баталсны дараа ногдол ашгийг хэрхэн хуваарилах вэ гэдгийг УИХ-аас баталсан хуулийн дагуу шийднэ" хэмээн нэмж хэлэв.
17 жилийн дараах ногдол ашиг
Ерөнхий сайд "17 жил ногдол ашиг байтугай "н" үсэг яриагүй. Сүүлдээ ногдол ашгийн хэлэлцээр хийж авч ирсэн хүмүүс нь буруутай болж байгаа юм шиг уур амьсгал оруулж байна. 17 жилийн дараа ногдол ашиг авч ирсэн нь түүх болж үлдэнэ" гэв.
"Ардчилсан намын зарим гишүүнийг харахаар таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна. Тэр хүмүүс даанч энд байхгүй байна, орж ирвэл ярьчихмаар байдаг. Тэр хүмүүст хэлэхэд улсаа бодъё"
Тэрбээр ногдол ашгийн хуваарилалтын талаар "Оюутолгойн ногдол ашгийн гурван их наяд төгрөгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хийе. Хоёр их наяд төгрөгөөр нь эрчим хүч, нийгмийн суурь асуудлаа шийдье. ДЦС-6-г санхүүжүүлье, 10 аймгийн дулааны станц чинь бүсийн асуудал, хэрэггүй төмөр болгож байснаас дуусгая" гэж хэлэв.
Мөн "Тэгэхээр өөдөөс хэн нь илүү иргэдэд хайртай вэ гэдэг марафонд орчихсон юм шиг яриад байна. Ингэж ярилаа гээд иргэд та нарыг хайрлаад байхгүй дээ" гэв.
Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш

Н.Номтойбаяр: Импортын хүнсний 4.6 хувьд л шалгалт хийж байна

Трампын тусгай элч Путинийг магтсан нь АНУ-д шүүмжлэл дагуулж байна

АН-ын бүлэг: Оюутолгойн гурван их наяд төгрөг Баялгийн санд орох ёстой

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгөх УИХ-ын тогтоол санаачилсан

