Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэхийг дахин шаардлаа

Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ны дарга Ч.Нарантуяа эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин, урамшууллын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр 2025 онд Сүхбаатарын талбайд хийсэн тэмцлийн үр дүнд Засгийн газрын холбогдох сайд нартай байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийг сануулав. Уг хэлэлцээрээр 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Хэлэлцээрийн дагуу нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс сар бүр есөн хувиар нэмэгдүүлж, оны эцэст 75 хувьд хүрэх ёстой байсан ч наймдугаар сараас эхлэн олгох ёстой есөн хувийн нэмэгдлийг өнөөдрийг хүртэл олгоогүй гэдгийг Ч.Нарантуяа онцлов.
"Бид цоо шинэ зүйл шаардаагүй. Өнгөрсөн 2025 оны өдийд Сүхбаатарын талбайд урт удаан хугацааны тэмцэл хөдөлгөөн хийсэн. Эмч ажилчид ажил хаяхад нэг өдөр дутуу байхад Засгийн газрын холбогдох сайд нар хүлээн авч уулзаж, салбарын нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байдаг" гэв тэрбээр.
Мөн хэлэлцээрт "2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэнэ" гэж заасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд болон Засгийн газраас шаардаж байна.

Ч.Нарантуяа эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр санхүүжиж өндөр цалин авч байгаа мэт харагдаж байгаа ч гүйцэтгэлээр цалинжих нь бүү хэл квотыг нь бууруулж өгч байгааг дурдав. Түүнчлэн үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн ч авдаг ёстой нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшуулал олгогдохоо больсон гэж мэдэгдлээ.
Тэрбээр бүх байгууллагад ажлын байрны дарамт ихэссэн, үйлчлүүлэгчийн болон удирдлагын дарамт нэмэгдсэн талаар ч хэлэв.
Холбоотой мэдээ

Монголд 103 мянган км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна

С.Цэнгүүн нарын төсвийн ил тод байдлын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнгүй

С.Цэнгүүн: Төсвийн задаргааг нээлттэй болгох саналыг гишүүд дэмжсэнгүй

Гэр хорооллын 171 мянган айл өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Хотын дарга: Энэ жилээс давсыг зориулалтын машинаар цацна

