Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийн хуулийн төслийг буцаан татахаар шийдлээ

Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай хуулийн төслийг Засгийн газар буцаан татахаар шийдвэрлэсэн талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. Засгийн газар ээлжит бус хуралдан уг асуудлыг дахин хэлэлцсэн байна.
2027 онд Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Засгийн газрын тооцоогоор гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авах бөгөөд үүний нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд байршуулж, хоёр их наяд төгрөгөөр эрчим хүч, боловсролын төсөл хөтөлбөрт зарцуулах саналаа илэрхийлсэн. Иргэдээс 14 хоногийн хугацаанд e-Mongolia платформоор дамжуулан саналыг нь авч байгаа.
З.Мэндсайхан: "Засгийн газар нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх буюу эрчим хүч, боловсролын асуудлаа шийдвэрлэхээр хуулийн төсөл оруулж ирсэн. Гэтэл төсөв маань танигдахгүй болж байна. Нэг ёсондоо Засгийн газрын өргөн барьсан бодлого алдагдаж байна."
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд ард түмнээс Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар асууна гэсэн бөгөөд энэ хүрээнд 96.6 мянган иргэн саналаа өгснийг дурдав. Иргэд e-Mongolia-гаар дамжуулан цахим гарын үсгээрээ саналаа өгөхөд 56 мянга орчим иргэн ногдол ашгаа Хуримтлалын сандаа хадгалах, Хуримтлалын сангаараа дамжуулан ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, ипотектоо зарцуулъя гэсэн санал өгсөн бол 40 мянга орчим иргэн эрчим хүчний дэд бүтцийн төсөлд зарцуулъя гэсэн байна.
"Санал асуулгын үр дүнд харгалзан үзээд энэ хуулийг эргүүлэн татахаар Засгийн газар шийдвэрлэлээ" гэж З.Мэндсайхан хэлэв.
Холбоотой мэдээ

С.Цэнгүүн нарын төсвийн ил тод байдлын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнгүй

С.Цэнгүүн: Төсвийн задаргааг нээлттэй болгох саналыг гишүүд дэмжсэнгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус хоёр гишүүнийг томиллоо

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

