Дурбан хотод 50 орчим хүн гадаадын иргэнийг зодож амь насыг нь хөнөөжээ

Дурбан хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 30-40 насны, хэн болох нь тодорхойгүй эрэгтэйг гудамжаар явж байхад нь эхлээд хоёр хүн өдөж хоргоосон, улмаар 50 орчим хүн бүслэн зодож эхэлсэн байна. Хохирогч хэргийн газарт нас баржээ.
Цагдаагийнхан хэргийг хүн амины хэрэг гэж үзэн шалгаж эхэлсэн ч үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Нетшиунда хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг аллагын шалтгааны талаар одоогоор таамаг дэвшүүлэх боломжгүй гээд баттай мэдээлэл олдох үед олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээ амлажээ.
Энэ оны эхээр Дурбан болон Йоханнесбургийн ойролцоох Совето дүүрэгт гадаадын иргэдийн эзэмшдэг дэлгүүр, автомашиныг шатаасан хэрэг гарч байв.
Өмнөд Африк даяар цагаачдын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, зарим тохиолдолд хүчирхийлэл болж хувирсан. Засгийн газар эсэргүүцэгчдийг тайван замаар асуудлаа шийдвэрлэхийг уриалж, цагаачлалын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна.
Эрх баригчид энэ оны эхнээс цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авч, олон арван мянган гадаадын иргэнийг албадан гаргах, эх оронд нь буцаах ажиллагаа явуулж байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагч бүлгүүдийн нэг "March and March" нь бичиг баримтгүй бүх цагаачийг энэ оны зургаадугаар сарын 30-ны дотор Өмнөд Африкаас гаргахыг шаардаж, хугацаа тогтоосон юм.
Уг хугацаа дуусахаас өмнө хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, Африкийн бусад орны иргэдийн биед халдсан тухай мэдээлэл гарч байлаа. Үүнээс үүдэн Зимбабве, Нигери, Гана зэрэг улс иргэдээ эх оронд нь буцаах арга хэмжээ авч эхэлжээ.
Өмнөд Африкт сүүлийн бараг хорь орчим жилийн турш гадаадын иргэдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой халдлага, гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн. 2008 онд гадаадын иргэдийн эсрэг өргөн хүрээтэй халдлага гарахад 60 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн дүрвэж байжээ.
Сүүлийн үеийн үймээн самуун нь ажиллах хүчний гуравны нэг орчимд нөлөөлж буй ядуурал, тэгш бус байдал, ажилгүйдэлтэй холбоотой. Цагаачдыг ажлын байр булааж, гэмт хэрэг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээнд дарамт учруулдаг гэж байнга буруутгадаг ч судлаачид үүнийг тоо баримтаар баталж чадаагүй байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Өмнөд Африк нь ажил хөдөлмөр, аюулгүй байдал, илүү сайн боломж хайж буй Африк тивийн бусад орны иргэдийн очихыг мөрөөддөг гол газруудын нэг хэвээр байна.
Холбоотой мэдээ

Оюутолгойн ногдол ашгийн хуулийн төслийг УИХ-аас татан авлаа

Ч.Ундрам: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэж хардаг боллоо

Монголд 103 мянган км2 нутагт 1,200 орчим цоохор ирвэс амьдарч байна

С.Цэнгүүн нарын төсвийн ил тод байдлын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнгүй

Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэхийг дахин шаардлаа

