Австралийн парламентын гишүүн халдлагын улмаас хоёр хөлөө алдлаа

Австралийн парламентын гишүүн Хелен Хэйнс Даваа гарагт тойрогтоо ажиллаж байхдаа автомашинд дайруулж, ноцтой бэртсэн. Түүнийг Мельбурн хотын эмнэлэгт хүргэж, хагалгааны дараа зүүн хөлийг нь тайрсан бөгөөд баруун хөлийг аврах оролдлого бүтэлгүйтэж, Лхагва гарагт мөн тайруулахад хүрчээ.
Осол Мельбурноос зүүн хойд зүгт орших Вангаратта хотод, Хэйнсийн ажлын байрны гадаа орон нутгийн цагаар үдээс хойш гарсан. Цагаан өнгийн Toyota Landcruiser автомашин түүнийг дайрсан бөгөөд ослын газар байсан хэд хэдэн хүн автомашиныг зогсоож чадсан байна.
Ерөнхий сайд Энтони Албаниз уг ослыг "санаатай үйлдэл" байж болзошгүй гэж мэдэгдсэн. Хэрэгт сэжиглэгдсэн 43 настай Брендан Ньюжентийг ослын газраас баривчилжээ.
Викториа мужийн шүүх Ньюжентийг аюултай жолоодлогын улмаас бусдад ноцтой гэмтэл учруулсан, бусдад санаатайгаар гэмтэл учруулсан, төрийн албан тушаалтны биед хохирол учруулсан гэх гурван зүйл ангиар буруутгасан. Цагдаагийн байгууллага түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр нэмж буруутгаж болзошгүй гэдгийг мэдээлсэн.
Сэжигтний гэр бүл Мягмар гарагт мэдэгдэл гаргаж, Хэйнстэй олон жилийн турш анд найзууд байсан бөгөөд болсон явдлыг "сэтгэл сэртхийлгэм, ойлгохын аргагүй" гэж тодорхойлжээ. Викториа мужийн цагдаагийн газар хэргийн шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилж байгааг мэдээлсэн.

65 настай Хэйнс Викториа мужийн Инди тойргоос бие даан сонгуульд өрсөлдөж, парламентын гишүүн болсон. Тэрбээр 2019 онд төлөөлөгчдийн танхимд анх сонгогдож, 2022, 2025 онуудад дахин сонгогдсон. Хууль тогтоогчийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байжээ.
Тэрбээр Викториа мужийн баруун өмнөд бүсийн сүүний ферм дээр дөрвөн ах дүүгийн хамт өсч, сувилагч, эх баригч эмчийн мэргэжил эзэмшсэн. Гурван хүүхдээ өсгөхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мастерын зэрэг, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо гэр бүлийнхээ хамт Вангаратта хотын гадна үхрийн жижиг фермд амьдардаг.
Парламентын танхимд зэрэгцэж суудаг гишүүн Зали Стеггал Хэйнсийг саяхан эмээ болсон, бусдад "маш их хайрлагдаж, хүндлэгддэг хүн" гэж тодорхойлжээ.
Энэ хэрэг Австралийн улс төрд хүчирхийлэл нэмэгдэж байгааг харуулж байна. Ерөнхий сайд Албаниз ослын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төрд "нөхцөл байдал хурцдаж", "харилцан ярилцаж, хэлэлцэхээсээ илүүтэйгээр хашхирч, орилох явдал хэт ихэссэн" гэж шүүмжилсэн.
Дотоод хэргийн сайд Тони Бүрк 2025-2026 оны санхүүгийн жилд хууль тогтоогчдын эсрэг дарамт шахалт, заналхийллийн мэдээлэл нэмэгдсэнийг баталсан. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр "өндөр албан тушаалтнууд" болон тэдний ажилтнуудыг заналхийлсэн хэргээр долоо хоногт дунджаар нэг хүн яллагдагчаар татагдаж байна.
Холбооны цагдаагийн газрын комиссар Крисси Барретт парламентын 226 гишүүн тус бүрийг биечлэн хамгаалах нь "асар их зардалтай" тул тухайн хүний гүйцэтгэж буй үүрэг, тулгарч буй аюул заналхийллийн түвшинд үндэслэн хамгаалалт шаардлагатай эсэхийг үнэлж шийдвэрлэдэг гэдгийг тайлбарлажээ.
Холбоотой мэдээ

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяваар эрчим хүч, нийгмийн асуудлаа шийдье

Н.Номтойбаяр: Импортын хүнсний 4.6 хувьд л шалгалт хийж байна

Трампын тусгай элч Путинийг магтсан нь АНУ-д шүүмжлэл дагуулж байна

АН-ын бүлэг: Оюутолгойн гурван их наяд төгрөг Баялгийн санд орох ёстой

Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгөх УИХ-ын тогтоол санаачилсан

