"Талын Металл Нунтаг" Япон руу анхны нунтаг зэсээ экспортоллоо

AI мэдээ
"Талын Металл Нунтаг" Япон руу анхны нунтаг зэсээ экспортоллоо

“Талын Метал Нунтаг” ХХК Япон улсын металлургийн “JCP” компанитай 2 жилийн хугацаанд харилцсаны үр дүнд анхны 1 тонн нунтаг зэсээ экспортолсон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Асхартай ярилцлаа.

Тэрбээр “Хүлээн авагч тал зэсийн агуулгын түвшнийг хардаг. Манай бүтээгдэхүүнээр тоног төхөөрөмжийн сэлбэг, зэс шүүлтүүр, электроникийн эд анги үйлдвэрлэх туршилт хийж, ашиглаж үзсэн” гэж хэлэв.

Манай "Талын Металл Нунтаг" ХХК үйлдвэр 2022 онд туршилтын горимоор ашиглалтад орсон. 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын нунтаг металлургийн анхны үйлдвэр. Манайх жилд 1500 хүртэлх тонн зэс нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэр нь Лондонгийн Металлын Биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК болон толгой компани “Степпкупер” ХХК-ийн дэмжлэгтэй төсөл аж. Англи, Германаас тоног төхөөрөмж худалдан авч суурилуулсан бөгөөд “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийг ашиглан “усаар атомжуулах” технологиор зэсийн нунтаг үйлдвэрлэж байна.

Экспортын зах зээлийн хувьд БНХАУ-тай борлуулалтын харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлага бий. БНСУ-д сонирхсон компани олон байдаг ч хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байхгүйгээс “тарифын хана” хязгаарладаг гэж Б.Асхар хэллээ. Мөн манай улс зөвхөн Японтой эдийн засгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээртэй учраас борлуулалт хийж болж байна.

Хүнд суртал, цаг хугацааны саатал

Үйлдвэр нээгдсэний дараа гааль болон татварын хамтарсан шалгалт орж ирж, бараг хагас жил бичиг цаас солилцож, тайлбар тавьснаар үйлдвэрийн ажил саатсан гэж тэрбээр ярьсан. Түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлын 50%-ийн баталгааг ажлаа хийж, тайлангаа өгсний дараа ч буцааж өгдөггүй практик байдаг гэдгийг дурдав.

Цаг хугацааны хувьд Хятад, Тайвань, Өмнөд Солонгосын үйлдвэрүүд олон улсын зах зээлд нийлүүлэхдээ хоёроос гурван долоо хоног зарцуулдаг бол манайх дээжээ явуулахад л бүтэн сар, заримдаа илүү сунжирдаг. Дээжийн тодорхойлолт авах гэж 2 долоо хоног, гарал үүслийн бичиг авах гэж 1 долоо хоног, гаалийн бүрдүүлэлтэд дахиад 1-2 долоо хоног болдог байна.

Энэ бол түүхий эд биш аж үйлдвэрийн бүтээгдэхүүн шүү гэдгийг ойлгохгүй уул уурхайн зохицуулалтад хамруулах гэж хүчилдэг.

Иймээс нунтаг зэсийг уул уурхайгаас тусдаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгож, зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Өмнө нь Европ, АНУ-ын хэд хэдэн компани идэвхтэй харилцаж байгаад гэрээ байгуулах шатанд зогссон нь чанар гэхээс илүү цаг хугацаанаас үүдэлтэй байжээ.

Тээвэр логистикийн хүндрэл

Манай бүтээгдэхүүн БНХАУ-ын газар нутгаар дамжиж гуравдагч зах зээл рүү гарахад хүндрэлтэй байдаг. Хятадын гааль болон хяналтын байгууллагуудын зүгээс олон асуулга тавьдаг тул Японы экспортыг ОХУ-ын Владивостокын боомтоор дамжуулж хүргэж байна. Гэтэл энэ чиглэл Тяньжиньтай харьцуулахад гурав дахин өндөр зардалтай гэж Б.Асхар хэллээ.

Дэлхийд нунтаг металлын үйлдвэрлэл, хэрэглээний тал хувь нь БНХАУ-д төвлөрч байна. Тэд үйлдвэрлэгчдийг дэмжсэн кластр орчинтой бөгөөд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомашин үйлдвэрлэгчид дотоодын үйлдвэрээсээ худалдан авдаг.

Монгол улсад автомашины үйлдвэрлэл байхгүй тул хамгийн том харилцагч болох БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, экспортын тээврийн асуудал дээр тохиролцоонд хүрэх шаардлага байна гэж тэрбээр онцлов.

“Талын метал нунтаг” ХХК нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Японы Нагаокагийн Технологийн их сургуультай хамтран ажиллаж байна.

ЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлНийгэм, эдийн засагУншигчдад
2

Холбоотой мэдээ