М.Санжаадорж: Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг аваад хаячихсан

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан 10 хоногийн өмнө тус хуульд нэмэлт өөрчлөлт орсон атал дахин өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буйг шүүмжилэв. Тэрбээр энэ намраас хойш хоёр сар шахам хугацаанд төсөв хэлэлцэж байгааг дурдав.
Б.Жаргалан: «Наймдугаар сард шатахууны үнэ нэмэгдэж эхлэхэд төсвийн тодотгол оруулж ирэхийг шаардаж байсан. Тухайн үед инфляцын суурь түвшин 13.5 хувь, хүнсний инфляц 25 хувьд хүрч байсан. Шатахууны хомсдол иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна гэдэг зүйлийг ярьсан» гэв.
Тэрбээр инфляц 13.5 хувь байснаас 12.9 хувь болсныг, намрын налгар өдрүүдэд хүнсний үнэ буурах нөлөөлөл гарахгүй байгааг онцлов. Шалтгааныг өндөр тэлсэн төсөв, төсөвт нүүрлэсэн хулгай авлигын асуудал гэж үзэж байна.
«Улсын төсвийн уул уурхайн хамаарлыг бууруулах тэлэлтийг хазаарлах үндсэн гол хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Энэ хуульд 25 дахь удаагаа 10 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Одоо дахиад өөрчлөлт оруулахаар сууж байна» гэж Б.Жаргалан хэлэв.
Тэрбээр Засгийн газар наймдугаар сарын 21-нд төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барьсан, наймдугаар сарын 31-нд ирэх жилийн төсөв өргөн барихдаа дахин өөрчлөлт оруулахаар байгааг дурдав.
Оюутолгойн хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулахгүй гээд хуулийн төслөө буцаан татаж авсан ч төсвийн тооцооллын хавсралтад 52 жагсаалт байгааг Б.Жаргалан онцлов. «Энэ техник ажлыг Засгийн газар яагаад УИХ-аар хийлгэх гэж байгаа юм бэ. Нэг мөсөн бүтнээр нь татаж аваад засваруудаа оруулаад УИХ хэлэлцэх ёстой» гэв.
УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал 2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл явж байгааг мэдээлэв. «Энэ дотор төсвийн тухай хуулиа шинэчлэн оруулж ир гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгнө» гэж тэрбээр хэлэв.
Ж.Батжаргал: «Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хууль чинь Монгол Улсын төсөв нэлээд давжаадуу байх үед гарчихсан. Цагийн эрхээр өсөлт хөгжлүүд бий болохоор орон нутгууд өөрийнхөө эдийн засаг, төсвийнхөө боломж нөөц дээр эрэлхийлж ажиллах чиглэл рүү явж байгааг чөдөрлөж болохгүй» гэв.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж Төсвийн тухай хууль 71 зүйлтэй ч 71 өөрчлөлт орчихсоныг хэлэв. «Салбар бүрийн хууль орж ирэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирсээр байгаад төсвийн нэгдсэн бодлого алдагдчихсан» гэж тэрбээр хэлэв.
М.Санжаадорж: «Зөвхөн нийслэлийн хувьд яривал, нийслэлийн зарлага нь ийм чиг үүргээр зарцуулна, орлого нь ийм байна шүү гэдэг байсан бол Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг нь аваад хаячихсан. Нийслэлийн төсвийн зарлага нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар, орлого нь Төсвийн тухай хуулиар явж байгаа» гэв.
Тэрбээр ирэх жилийн төсвийг дагуулаад Төсвийн тухай хуулиа шинэчлэх үүрэг авч байгааг, Төсвийн тухай хууль нэг жил үйлчлээд дууссаны дараа шинэ хууль өргөн барихаар төлөвлөж буйг мэдээлэв.
Холбоотой мэдээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

Н.Учрал түймрийн ажлын хэсэгтэй уулзаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах үүрэг өглөө

Улаанбаатар, Хөх хот ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллана

Н.Наранбаатар: Төсөв 43.6 их наядаас 41.6 их наяд болж буурч байна

З.Мэндсайхан: 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудлыг Эрчим хүчний яам шийднэ

