Улаанбаатар, Хөх хот ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллана

Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзжээ. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эхлүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох саналыг Б.Пүрэвдагва тавьсан байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг тэрээр дурджээ.
Хөх хотын Засаг дарга Лянь Дун эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцолсон байна.
Уулзалтын төгсгөлд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар болжээ.
Холбоотой мэдээ

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

Монгол Улс ШХАБ-ын хурлаар бэлчээрийн усан хангамжийн таван жилийн санаачилгаа танилцуулав

Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

П.Мөнхтулга: Төрийн үйл хэрэг гацсанаар иргэд эрүүгийн ялтан болж байна

