Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

AI мэдээ
Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам "Нээлттэй яам-Мэдээллийн цаг" арга хэмжээний үеэр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн тоо баримтыг танилцууллаа. Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр хэлэхдээ "2017-2025 оны хугацаанд буюу өнгөрсөн есөн жил улсын хэмжээнд 2,422 холбогдогчтой хар тамхины 2,100 хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд есөн жилийн хугацаанд 10,579 хүн нэг удаа хэрэглэх 21 төрлийн бодисыг хураан авч 50 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон" гэлээ.

Холбогдогчдын насны ангилал:

  • 18-25 насны 1,223 иргэн
  • 24-35 насны 868 буюу дийлэнхдээ залуу үеийнхэн байна.

Боловсролын түвшингээр 60.5 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна.

Энэ онд энэ төрлийн гэмт хэрэгт 518 иргэнийг холбогдуулан шалгаж, 466 гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд 5.5 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоолоо" гэж Б.Ганчулуун мэдээлэв.

Цагдаагийн удирдах албан тушаалтнууд, алба хаагчид хар тамхины хэрэгт холбоотой эсэх асуултад тэрбээр "Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Цагдаагийн удирдах албан тушаалтан хар тамхины хэрэгт холбогдсон мөн шалгаж буй гэмт хэрэгт нь нөлөөлдөг гэдэг зүйл тогтоогдоогүй.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд төрийн албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон уу гэдгийг харахад төрийн 15 байгууллагын 27 иргэн холбогдож шалгагдсан байдаг юм билээ" гэж хариулсан.

Хууль, эрх зүйНийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ