Монгол Улс НҮБ-д элсэх 15 жилийн тэмцэл: 1961 онд шийдвэрлэгдэх зам

Монгол Улс 1946 оноос эхлэн 1961 он хүртэл 15 жилийн турш НҮБ-д гишүүнээр элсэхийн төлөө дөрвөн удаа өргөдөл гаргаж, нийт 13 удаа хэлэлцүүлсэн байна.
Анхны өргөдлийг Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан 1946 оны зургаадугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д илгээжээ. Тэрээр өргөдөлдөө Монголын ард түмэн ЗХУ-д эд материалын тусламж үзүүлж, фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их хурлын анхааралд толилуулахыг хүссэн байна.
«БНМАУ нь 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм» гэж өргөдөлд дурджээ.
Үүний дараа Х.Чойбалсангийн гарын үсэгтэй хоёр дахь өргөдлийг 1948 оны аравдугаар сарын 25-нд илгээж, 1949 оны зургаадугаар сарын 16, 1951 оны арванхоёрдугаар сарын 19, 1952 оны хоёрдугаар сарын 1, 1952 оны есдүгээр сарын 5, 1954 оны арваннэгдүгээр сар, 1955 оны намар тус тус хэлэлцжээ.
Гурав дахь өргөдлийг СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэйгээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельдад 1956 оны есдүгээр сарын 14-нд гардуулж, мөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэлэлцүүлсэн байна.
Сүүлчийн өргөдлийг ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн гарын үсэгтэйгээр 1957 оны есдүгээр сарын 1-нд илгээж, есдүгээр сарын 9-нд хэлэлцжээ. Энэ хугацаанд 1957 онд Монгол Улс НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэг төрийн бус байгууллагыг байгуулан ажиллуулж эхэлсэн байна.

1946 оны наймдугаар сарын 6-нд НҮБ-ын АЗ-өөс томилогдсон шинэ гишүүн элсүүлэх хороо Монголын өргөдлийг хэлэлцжээ. Нью-Йоркт болсон хурал дээр Гоминданы Хятадын Байнгын төлөөлөгч Го Тайчи өргөдлийг нэг жилээр хойшлуулах санал гаргасан байна.
ЗХУ-ын Байнгын төлөөлөгч А.А.Громыко Монголын өргөдлийг дэмжиж, БНМАУ өөрийн хөрөнгөөр танкийн бригад, нисэх онгоцны эскадриль байгуулан дайн дуустал ажиллуулсан, 1945 онд Японд дайн зарлаж Алс Дорнодод дайны голомтыг дарахад оролцсон, 195 сая төгрөг буюу 50 сая долларын хохирол хүлээсэн гэдгийг онцолжээ. Польшийн төлөөлөгч Ланже аливаа улсыг бусад улсын зүгээс албан ёсоор зөвшөөрөх явдал НҮБ-д элсүүлэхэд холбогдолгүй гэж хэлсэн байна.
1946 оны наймдугаар сарын 28-нд НҮБ-ын АЗ Албани, БНМАУ, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед зэрэг 8 улсын өргөдлийн тухай илтгэлийг хэлэлцэж эхэлжээ.
АНУ-ын Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хершел Жонсон өргөдөл өгсөн бүх улсыг нэгэн зэрэг элсүүлэх санал гаргасан боловч ЗХУ-ын төлөөлөгч А.А.Громыко өргөдөл тус бүрд нягтлан авч үзэх хэрэгтэй гэж эсэргүүцсэн байна. Улмаар АНУ, Их Британи өргөдлийг хэлэлцэх явдлыг хойшлуулах байр суурь илэрхийлжээ.
1946 оны санал хураалтад АЗ-ийн 11 гишүүнээс ЗХУ, Франц, Гоминданы Хятад, Польш, Мексик, Бразил зургаа «төлөө» санал өгч, АНУ, Их Британи, Голланд татгалзаж, Австрали, Египет түдгэлзсэн байна. АЗ-ийн байнгын хоёр гишүүн татгалзсан тул Монголын өргөдлийг хүлээн авалгүй хойшлуулжээ.
1947 оны долдугаар сарын 18-нд НҮБ-ын АЗ-д Монголын өргөдлийг хэлэлцэхэд Байтаг Богдын хэрэг явдлаас шалтгаалан Гоминданы Хятад, АНУ, Их Британи татгалзсан байна.
1949 оны зургаадугаар сарын 16-нд НҮБ-ын АЗ-д БНМАУ-ыг оролцуулан 12 улсыг нэгэн зэрэг элсүүлэх ЗСБНХУ-ын саналыг хэлэлцэхэд Гоминданы Хятад, Канад татгалзаж, АНУ анх удаа түдгэлзжээ.
1955 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Х чуулган дээр БНМАУ-ыг оролцуулан өргөдөл өгсөн 18 улсыг бүгдийг нэгэн зэрэг элсүүлэх тухай тогтоолын төслийг 52 улс баталж, АНУ түдгэлзсэн байна. Тухайн үед Чан Кайшийн Хятад 18 улсаас 11-ийг элсүүлэх, Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнамыг нэмж оруулах санал гаргаж, ЗХУ эсэргүүцэж «хориг» тавьсан байна.
1960 он гарахад нөхцөл байдал өөрчлөгдөж, НҮБ-ийн гишүүн шинээр тусгаар тогтносон Ази, Африкийн бүлэг орнуудаас Гоминданы Хятадын НҮБ-д төлөөлөх эрхийг ноцтой хөндөж байжээ.
1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын АЗ-ийн хурал БНМАУ, Мавританийн өргөдлийг авч хэлэлцжээ. ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В.А.Зорин БНМАУ-ыг гишүүнээр авах тогтоолын төслийг батлахыг уриалсан байна.
Гоминданы Хятадын Байнгын төлөөлөгчийн орлогч Цзя Мавританийг дэмжихийн тулд Монголын талаарх санал хураахад оролцохгүй гэж мэдэгджээ. АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Хуберт Иост:
«Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өгөхөд АНУ түдгэлзэх болно» гэж хэлсэн.
Францын Байнгын төлөөлөгч Берард БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлж, энэ нь тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаагийн шинж тэмдэг гэж үзжээ. Их Британийн Байнгын төлөөлөгч сэр Патрик Деан нарийвчлан судалсны эцэст Гадаад Монголыг элсүүлэхийг дэмжих саналаа өгөхөөр шийдсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Дараа нь Арабын Нэгдсэн улсын төлөөлөгч Лоутфу, Цейлоны төлөөлөгч Сабасинхе, Эквадорын төлөөлөгч Бенитес, Чилийн төлөөлөгч Швайтзер болон Туркийн төлөөлөгч Түргүт нар тус улсыг НҮБ-д элсэх явдлыг дэмжиж саналаа тайлбарлан ярьжээ.
Холбоотой мэдээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Хөх хотод айлчилж байна

Лула да Силва Бразилын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдлоо

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

ЕТГ: Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж байна

ХЗДХЯ энэ намрын чуулганаар 10 хууль эцэслэн батлуулахаар бэлдэж байна

