ЕТГ: Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж байна

AI мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ: "Европын орнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байх хугацаанд хариуцлагатай албан тушаал хашиж байсан иргэн Х.Нямбаатар Ерөнхийлөгч рүү удаа дараа гүтгэлэг, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж ойлгож болно. Эдгээр асуудалд баримтаар няцаалт өгье" гэв.

  1. Ерөнхийлөгчийн хувьдаа нисдэг тэрэгтэй гэсэн мэдээллийг Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас лавлахад Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг байгаагийн 18 нь хувийн компани, хувь иргэдийн өмч, төрд Зэвсэгт Хүчний Жанжин Штабт байдаг. Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг түүнд үйлчилдэг гэж тайлбарлав.
  2. Австрали Улсад хувийн хаустай гэсэн мэдээллийн хувьд Ерөнхийлөгчийн хаус гэж зураг нийтэлсэн амины орон сууцны мэдээлэл нь ил тод, ямар ч хамааралгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Австрали Улсад зорчоогүй 12 жил болсон гэв.
  3. Андууд тауэрын барилгын хувьд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа энэ өмч хөрөнгийн эзэн нь Нийслэл өөрөө байна.
  4. Гачууртад олон зочид буудалтай гэсэн мэдээллийг няцаахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг "Илт хан" компанийн 58 хувийг эзэмшдэг, 10 гэр, 10 дүнзэн байшинтай бөгөөд Гачууртад биш Тэрэлжид байдаг, хөрөнгө орлогын мэдүүлэгт нь бий гэж мэдэгдэв.
  5. Бага тэнгэрт 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх хаус хороололтой гэсэн мэдээллийн хувьд бичлэгт гарч байсан 3-4 хаус нь "Грийн ресурс" компанийн өмч, иргэн Г овогтой С, С овогтой Б-ийн өмч хөрөнгүүд байна. Бага тэнгэрт нийтдээ 444 амины олон нийтийн орон сууц бий. Ерөнхийлөгч өөрийн хөрөнгөөсөө амины орон сууц худалдаж авсан тохиолдол бий бөгөөд 2022 онд 360,000 ам.доллар, 2025 онд 200 сая төгрөгийг амины орон сууц захиалахдаа шилжүүлсэн баримт байгаа, хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байдаг гэв.
  6. United Mall гэх хувийн их дэлгүүрийн хувьд Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд эзэмшигч нь Баатар овогтой Даваадорж, захирал нь Сосорбурамын Ганбаатар гэж байгаа. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамааралгүй гэдгийг Улсын бүртгэлээс лавлагаа авч тогтоосон гэж мэдээлэв.
  7. Тансаг машины цуглуулгатай гэсэн мэдээллийн хувьд иргэн н.Нямдаваа нь фитнест Ерөнхийлөгчтэй таардаг хүн бөгөөд Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийхдээ хамгийн их хүнтэй гар барьж, зураг даруулдаг. Бизнес эрхлэгч энэ хүн өөрөө гүтгэлгийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан бөгөөд эзэн холбогдогч нь Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан байсан Г.Золзаяа гэж тогтоогдсон. Хууль хяналтын байгууллага тогтооход энэ хүн Хятад улс руу оргон зайлсан. Нэмж хэлэхэд энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар худал мэдээллийг түгээсэн, тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, захиа ирүүлж уучлалт гуйсан гэж мэдэгдэв.
  8. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Тамгын газрын ажилтнуудыг хагартлаа баяжсан, өндөр зэрэглэлийн G-Class машин унадаг гэсэн мэдээллийг няцаахдаа зөвлөхүүд дунд, ЕТГ-ын ажилтнууд дотор G-Class унадаг хүн байхгүй гэв.

Ц.Ганзориг хэлэхдээ: "Иргэн Х.Нямбаатар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хотын дарга байсан хүн яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгээд байгааг та бүхэн асуух байх. Хураангуйлж хэлэхэд Канад улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаад энэ ажлыг хийж байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн" гэв.

Улс төрХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ