ХЗДХЯ энэ намрын чуулганаар 10 хууль эцэслэн батлуулахаар бэлдэж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам энэ намрын чуулганы үлдэж байгаа хоёр сарын хугацаанд 10 хуулийг УИХ-аар эцэслэн батлуулахаар бэлдэж байна. Энэ тухай ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тухайлбал, орон сууцны залиланг таслан зогсоох, ирээдүйд учирч болзошгүй залилангаас сэргийлэх үүднээс Улсын бүртгэлийн тухай хуулийг ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.
Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа бөгөөд анх удаа нотариатын үйлчилгээг зайнаас баталгаажуулалт хийх, цахимаар нотариатын үйлчилгээ авах эрхийг бүрдүүлж байна. Мөн зорилтод бүлгүүдэд нотариатын үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй авах асуудлыг тусгасан байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай буюу Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Шүгэл үлээгчийн тухай хуулийг ч УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд энэ хуульд нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд шүгэл үлээсэн хүнийг хамгаалах зохицуулалтыг хийж байгаагаараа онцлог гэж сайд хэллээ.
Мөн Арилжааны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ төрлийн хууль дутагдалтай байгаа бөгөөд компани болон бизнесийн эрхзүйг сайжруулах шаардлагатай байгааг Г.Тэмүүлэн дурдав.
Түүнчлэн Иргэний процессын тухай хуулийн төслийг боловсруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг дахин ажиллаж байна.
Зөрчлийн тухай хуулийн зөрчлийг арилгаж Зөрчлийн тухай хуулийг боловсруулж байгаа бөгөөд 11-р сарын сүүлээр өргөн барихаар төлөвлөжээ. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бэлэн болсон байна.
Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн чиглэлд хоёр хуулийн төслийг боловсруулж байгааг сайд мэдээлэв.
Холбоотой мэдээ

ЕТГ: Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж байна

Есөн жилд 2,100 хар тамхины хэрэг гарч, 27 төрийн албан хаагч шалгагджээ

Орон сууцны залилан: 2,208 иргэн хохирч, 173 тэрбум төгрөгийн хэрэг бүртгэгдэв

Есдүгээр сар хүртэл 231,767 гомдол бүртгэгдэж, 41,441 нь гэмт хэрэг

Зогсоолын татвар цуцлах өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

