Монгол ноолуур, Беларусь маалингыг хослуулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко нар Тусгаар тогтнолын ордонд хийсэн албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийлээ. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал болж байна.
Талууд “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал” болон байгууллага хоорондын баримт бичиг байгуулсныг онцоллоо.
У.Хүрэлсүх: Ноос, ноолуурыг маалингатай хослуулж шинэ утас үйлдвэрлэх боломжийг эрэлхийлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвлэлийн төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулж, шинэ төрлийн утас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэхээр болсноо мэдэгдлээ.
Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Тэрбээр хөдөө аж ахуйн салбарт Беларусь Улсаас трактор, комбайн, машин механизм нийлүүлэх, Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцсаныг дурдлаа.
Айлчлалын дүнгээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичгийг нэмж байгуулсан байна.
А.Г.Лукашенко: Хоёр соёл, эдийн засгийн амьд сүлжилдсэн бэлгэдэл
Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко хэлсэн үгэндээ хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр маалинган даавуу, ноолуураар даавуу хамтран үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа мэдээлж, энэ нь “Беларусийн байгалийн сэрүүн байдал болон Монголын тал нутгийн дулааныг хослуулсан өвөрмөц, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн” болно гэж онцлов.
Энэ нь Беларусийн байгалийн сэрүүн байдал болон Монголын тал нутгийн дулааныг хослуулсан өвөрмөц, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн байх болно. Зүгээр нэг зотон даавуу биш, харин хоёр соёл, эдийн засгийн амьд сүлжилдсэн бэлгэдэл юм.
Тэрбээр Беларусь Улс Монголын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, хүнс боловсруулах цогцолборуудын барилгын ажлыг хурдасгах, хөдөө аж ахуйн технологийн дамжуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.




Холбоотой мэдээ

Эмээлт эко паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын суурийн ажил үргэлжилж байна

Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Герман, Японы нийлбэрээс давлаа

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол тогтоох бүлэг газар дээрээ нислэгээр ажиллаж байна

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

