Лула да Силва Бразилын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдлоо

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд зүүний үзэлтэй Луис Инасио Лула да Силва нийт саналын 51.79 хувийг авч, баруун жигүүрийн өрсөлдөгч Флавио Болсонаруг ялсан байна. Ингэснээр тэрбээр дөрөв дэх удаагаа төрийн тэргүүнээр сонгогдлоо.
Лула сонгуулийн эхний шатанд ялагдаж байснаа хоёр дахь шатанд эргэн ялсан нь 1985 онд Бразил иргэний засаглалд шилжсэнээс хойш анхны тохиолдол болжээ. Эхний шатанд Болсонару 47, Лула 45 хувийн санал авч байв.
Ялалтын дараа Лула дэмжигчдэдээ хандан энэ нь "сөрөг хандлага, худал хуурмаг явдлын ялагдал" гэж онцлоод "Ардчилал мандтугай!" гэж мэдэгджээ. Мөн "Миний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа энэ улсын түүхэн дэх бүх ерөнхийлөгчдийнхөөс хамгийн шилдэг нь байх болно. Энэ хугацаанд би Бразилын ард түмний үгийг хамгийн ихээр сонсох болно" гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Флавио Болсонару сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, "тайлбарлахын аргагүй" гэж нэрлээд хүчингүй болгохыг шаардсан байна. Түүний эцэг, ерөнхийлөгч асан Жаир Болсонару 2022 оны сонгуульд ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 27 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Болсонаругийн талын эсэргүүцэл Дээд шүүхийн шүүгч Кристиано Занины санал хураалтын хугацааг хоёр цагаар сунгах шийдвэртэй холбоотой байна. Гэвч хоёр тал хоёулаа санал хураалтын хугацааг сунгах хүсэлт гаргасан бөгөөд Дээд Сонгуулийн Шүүхийн ерөнхийлөгч Кассио Нунес Маркес энэ нь сонгуулийн эцсийн үр дүнд нөлөөлөөгүйг мэдэгджээ. Хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү 4.4 сая байгаа нь маргаан үүсгэх боломжийг хязгаарлаж байна.
Сонгуулийн үр дүнд дэлхийн удирдагчид хариу үйлдэл үзүүлсэн. Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум "Бразилын ард түмэн яллаа" гэж бичсэн бол Перугийн ерөнхийлөгч Кэйко Фүхимори үүнийг "ардчилсан өдөр" хэмээн сайшаажээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен "ардчилал болон олон талт үзэл" ялалт байгууллаа гэж мэдэгдсэн бол Испанийн ерөнхий сайд Педро Санчес "аугаа ялалт" гэж нэрлэжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Би хэнийг ч дэмжээгүй, гэхдээ энэ нь дахин нэг удаа луйвардуулсан сонгууль шиг харагдаж байна" гэж сэтгүүлчдэд хэлсэн боловч нотлох баримт өгөөгүй байна. Тэрбээр мөн "Миний хувьд энэ нь маш муу үр дүн шиг санагдлаа" гэж нэмжээ.
Даваа гарагт Сан-Паулугийн хөрөнгийн бирж 15 хувийн уналттайгаар нээгдэж, арилжааг түр зогсоосон боловч дараа нь бага зэрэг сэргэсэн байна.
Мягмар гарагт 81 нас хүрэх Лула өмнө нь 2003-2010 онд хоёр бүрэн эрхийн хугацаа, 2023 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүний шинэ бүрэн эрхийн хугацаа 2030 он хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх нэгдүгээр сарын 5-наас эхлэх юм.
Лула ялалтын илтгэлдээ Трампын "Донрогийн үзэл баримтлал" гэж нэрлэсэн бодлогыг дурдаж, Бразил улс "хэний ч арын хашаа байхыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.
Даваа гарагийн орой Инстаграм хуудсандаа нийтэлсэн бичлэгтээ Флавио Болсонару цагдаа нар түүнээс гадаад паспортоо хураалгахыг шаардаж, улс орноос гарахыг нь хориглосон тухай мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Хөх хотод айлчилж байна

Монгол Улс НҮБ-д элсэх 15 жилийн тэмцэл: 1961 онд шийдвэрлэгдэх зам

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

ЕТГ: Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж байна

ХЗДХЯ энэ намрын чуулганаар 10 хууль эцэслэн батлуулахаар бэлдэж байна

