Эмээлт эко паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын суурийн ажил үргэлжилж байна

AI мэдээ
Эмээлт эко паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын суурийн ажил үргэлжилж байна

Хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд байгуулагдаж буй Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сараас эхлэн БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэлүүд гүйцэтгэж байна.

Паркийн ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил батлагдсан график төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” гэж мэдэгдэв.

Тухайлбал, зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг хийж байна.

2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Барилгын ажилд экскаватор, өөрөө буулгагч автомашин, ковш, усалгааны автомашин, кран, бетон шахуургын насос болон бетон зуурмаг тээвэрлэгч миксер автомашинуудыг ашиглаж байна.

Эко паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбумыг зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6-7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ. Мөн парк ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлаж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх гэж байна.

Нийгэм, эдийн засагЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлУншигчдад
0

Холбоотой мэдээ