Тэтгэврийг 2027 онд 10 хувиар нэмэгдүүлнэ
Монгол Улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж байна. ГБХНХ-ын сайд Т.Аубакир энэ талаар мэдээлэл өглөө.
Шинэ тогтолцоогоор иргэд гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар улсын төсвөөс санхүүжих суурь тэтгэврийг бий болгосон бөгөөд энэ нь ажилласан жилээс хамааран 100-300 мянган төгрөг байна.
Суурь тэтгэвэр нь иргэний төлсөн шимтгэлээс хамаарахгүй. Суурь тэтгэвэр авахын тулд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн байх шаардлага тавьж байна. Цэргийн алба хааж, эрт тэтгэвэрт гарсан иргэд ч дээрх насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр авах боломжтой.
Хоёр дахь эх үүсвэр нь ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамаарсан нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр юм. Энэ тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ. Гурав дахь нь иргэдийн хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлуулсан хөрөнгө юм.
Тэтгэврийн шинэчлэл нь бага орлоготой тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. 2026 оны улсын төсвийн тодотголын гол зорилго иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байсан бөгөөд үүний хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, суурь тэтгэврийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн худалдан авах чадварыг бууруулахгүй байх зорилгоор тэтгэврийн хэмжээг өмнөх оны жилийн дундаж инфляцын түвшинтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр заасан.

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Герман, Японы нийлбэрээс давлаа

Онтрэтэй хэлэлцээг ХЗДХ-ийн сайд ахална, нөгөө талаас бичгээр байр суурь хүсчээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол тогтоох бүлэг газар дээрээ нислэгээр ажиллаж байна

МАН-ын бүлэг 2027 оны төсвийн зардлыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцэв

М:3А, Ч:7А чиглэлийн автобусны замналд өөрчлөлт орж, хоёр зогсоол нэмэгдэв

