40-өөс дээш насныхан гурван жил тутам ясны сийрэгжилтээ оношлуулах шаардлагатай

Аравдугаар сарын 20-нд тохиох Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ өдөр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эмч нартай хамтран УНТЭ-ийн амбулаториор үйлчлүүлж байгаа 170 гаруй иргэдийн ясны нягтшилтыг үзэж оношлон, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Мөн иргэдэд витамин Д, кальци зэрэг амин дэм, эмийн хайрцгийг олгож, нийт есөн сая орчим төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.
Монголын хүн амын дунд 50-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь ясны нягтрал тодорхой хэмжээгээр буурсан буюу ясны сийрэгжилттэй байгаа гэсэн статистик үзүүлэлт бий. Ясны сийрэгжилт нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингийн дараа ордог архаг өвчний нэг бөгөөд сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа гэсэн судалгаа байдаг.
Олон улсын ясны сийрэгжилтийн сан Монгол Улсыг 2022 онд бүртгэж авсан. Үүнийг “Яс булчингийн эрүүл мэнд, нөхөн үржихүй”-н судалгааг хийж, Япон улсад доктор хамгаалсан Монголын анхны судлаач, Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн тэргүүн Ж.Мядагмаа санаачлан хэрэгжүүлсэн байна.
“Яс сийрэгжихдээ ямар нэгэн шинж тэмдэг анх мэдэгддэггүй. Ясны хугарал болж байж энэхүү шинж тэмдэг илэрч энэ бол ясны сийрэгжилт юм байна гэдгээ мэддэг”
гэж судлаач, доктор Ж.Мядагмаа хэвлэлд ярьсан байна. Эмч мэргэжилтнүүд 40-өөс дээш насны хүмүүс гурван жил тутамд ясны сийрэгжилтээ оношлуулж байх шаардлагатай гэж үзэж байна.
Холбоотой мэдээ

Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэгт цус багадалт, амны хөндийн асуудал түгээмэл илэрч байна

Өрхийн эмнэлгүүд 11 дүгээр сарын 7-ноос уртасгасан цагаар ажиллана

Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэхийг дахин шаардлаа

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин уушгины тахал биш

Сэтгэл зүйч ЕБС, их сургууль, ажлын байранд шаардлагатай гэсэн судалгаа

