ШТС-уудын шатахууны үлдэгдэл, дарааллыг бодит цагаар харах боломжтой болно

AI мэдээ
ШТС-уудын шатахууны үлдэгдэл, дарааллыг бодит цагаар харах боломжтой болно

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд энэ сард 78,000 тонн АИ-92, АИ-95 шатахуун авахаар гэрээлэн татаж байна. Энэ нь улсын нэг сарын хэрэглээг хангах хэмжээ гэж Шатахууны асуудлаарх Шуурхай штаб мэдээлсэн ч ШТС-ын гадаах дараалал буурахгүй байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) хувийн хэвшлийн benzin.mn аппликэйшнтэй хамтран ШТС-ын орлогын тодорхой мэдээллийн хүрээнд хаана шатахуун олгож байгааг бодит цагийн горимоор харуулах ажлыг эхлүүлснийг мэдэгдэв.

"Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас хувийн хэвшлийн benzin.mn аппликэйшнтэй хамтран ШТС-ын орлогын тодорхой мэдээллийн хүрээнд бодит цагийн горимоор хаана, хаана шатахуун олгож байгаа тухай харуулдаг болохоор ажиллаж байна" гэв.

Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг харуулж эхэлнэ. Мөн benzin.mn нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камеруудтай холбогдсон тул дараалал үүссэн эсэхийг харах боломжтой болно.

АМГТГ улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдлийг хянадаг агуулахын системийг хөгжүүлж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын дундуур бэлэн болно.

"Ингэснээр бодлого хэрэгжүүлэгч агентлаг маань аль аж ахуйн нэгжүүд хэр хэмжээний үлдэгдэлтэй байгааг хянах боломжтой болж, хиймэл хомсдол болон дараалал зохиомлоор үүсгэх зэрэг асуудлыг арилгана гэж үзэж байна" гэв.

Одоогийн байдлаар АИ-92 шатахууны 14 хоногийн нөөц, дизель түлшний 31 хоногийн нөөц байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
4

Холбоотой мэдээ