Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

AI мэдээ
Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

"Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлэг Багшийн тоон болон чанарын хомсдол сэдвийн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд болсон. Хэлэлцүүлэгт багш, сургалтын менежер, сургуулийн захирлууд оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцжээ.

"Эрдмийн хөтөч" сургуулийн захирал Д.Болд багш хомсдох шалтгааныг үндсэн цалинтай холбож, багш мэргэжлийн суурь цалинг төрийн үйлчилгээний албаны нийтлэг жишгээс арай өндөр тогтоох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Багш нар ажил хаясны дараа цалинг нь нэмэхдээ дагаад төрийн албыг тэр чигт нь нэмдэг. Төр боловсролын салбараа өндөр үнэлж, суурь цалинг нь өндөр тогтоомоор байна. Сайд солигдохоос үл шалтгаалан багш мэргэжлийн цалин өндөр байгаасай. Ингэвэл сайн багштай болно.

Тэрбээр технологийн багш дутагдаж буйг дурдаад, технологийн хичээлийг эрэгтэй, эмэгтэй сурагчдад тусад нь заах шаардлагатай эсэхийг асууж, под группээр хичээллэж буй хичээлүүдийн задаргаанд яам анхаарахыг сануулсан.

Мөн социализмын үед IX анги төгссөн хүүхдүүдэд шалгуур тавьж, X ангид элсүүлдэг байсан "Улаан шугам"-ыг ямар нэгэн байдлаар сэргээхийг хүсч, энэ нь багшийн ачаалал, боловсролын хүртээмжид эерэг нөлөөтэй болно гэв.

Түүнчлэн багшийг чанаржуулахын тулд үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэр гаргахыг уриалж, 2000-аад оны эхэн үеэс багшийн хичээл бэлтгэлийг хийлгэхгүй болсон гэж шүүмжилсэн.

Талхчин хүн талхаа барихдаа орцоо бэлддэг шиг багш хүн заах гэж байгаа хичээлийн бэлтгэлээ хангадаг байх ёстой. Гэтэл тийм зүйлгүй яваад байгаа.
Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ