Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

AI мэдээ
Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчмын 38.7 га талбайд хууль бус 1.1 сая тонн орчим хог хуримтлагдсаныг ачиж, орчныг цэвэрлэх ажил эхэлжээ. Энэ тухай өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан юм.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан хэлэхдээ: "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 24 байршилд үүссэн хогийн цэгийг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Эдгээр байршилд 38.7 га талбайг хамарсан 1.1 сая тонн үүсмэл барилгын болон ахуйн хог хаягдал байгааг тогтоосон.

Үүнд орчны 50 метр хамаарах 10, байгууллага, хувь иргэний эзэмшил газарт хамаарах 9, нийтийн эзэмшлийн талбайд хамаарах 5 байршил хамарч байгаа бөгөөд газар дээр үзлэг шалгалт хийж, хуулийн дагуу хариуцах байгууллагуудад үүсмэл хогийг ачиж, орчныг цэвэрлэх үүрэг өглөө.

Үүний ихэнх нь бетон, блок, хайрга эзэлж байна. Тус байршил нь Туул голын ай сав дагуу тул хөрсний бохирдол үүсэх нөхцөл байдлыг тогтоож, байгаль орчны үнэлгээ хийж, зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авах юм" гэв.

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд асгасан 1 сая гаруй тонн хог, хаягдлыг Морингийн давааны хогийн цэг рүү тээвэрлэхэд 9.5 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах тооцоолол гарчээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ