Парисын ойролцоо зэвсэгт халдлага: нэг хүн амиа алдаж, таван хүн шархадлаа

Баасан гарагт Парисын баруун өмнөд захад орших Трапп болон хөрш зэргэлдээх Ла Верьер хотын гудамжаар нэгэн этгээд машин дотроос гал нээж, нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Шархдагсдын дунд найман удаа буудуулсан 12 настай охин байгаа бөгөөд Ла Верьер хотын дарга Николя Дэнвиллийн мэдээлснээр түүний биеийн байдал тогтвортой байгаа гэнэ.
Трапп хотын дарга Али Рабегийн мэдээлснээр уг этгээд "цуст аллага үйлдэх зорилгоор тааралдсан хүмүүс рүү гал нээж" байсан бөгөөд амиа алдсан хүн болон шархадсан хүмүүсийн ихэнх нь өөр улс орноос гаралтай байжээ.
Прокурорууд уг халдлага "арьс өнгө, угсаа гарал, үндэстний харьяалал, эсвэл шашин шүтлэг"-т чиглэсэн эсэхийг мөрдөн шалгаж, хэргийг "террорист үйл ажиллагаатай холбоотой хүн амины хэрэг" гэж үзэн мөрдөн байцаалт эхлүүлсэн байна.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэргийн газар буюу Трапп хотод очих үеэрээ "Өнөөдөр энд болсон явдал бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй террорист халдлага байлаа" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь "Энэ бол эргэлтийн цэг юм. Учир нь манай иргэд, хүүхдүүдийг арьс өнгө, эсвэл шашин шүтлэгийнх нь улмаас хөнөөх зорилготой террорист халдлага анх удаа гарч байна" гэж хэлжээ.
"Бүгд Найрамдах Улсын дотор үндэс сууриа тавьж буй, ийм үйлдлийг зөвтгөх үзэл санаанд бид огт бууж өгөхгүй" гэж Макрон анхааруулсан байна.
Цагдаа нар сэжигтэн этгээд болох 39 настай эрэгтэйг ойролцоох Куаньер хотоос баривчилжээ. Баривчлах үед автомат буу болон нулимс асгаруулагч хийтэй гранатууд олдсон бөгөөд түүний амьдардаг орон сууцанд гурван ширхэг хийн баллон болон "цаг тохируулагчтай холбосон" цахилгаанаар ажилладаг тэсрэх төхөөрөмж байжээ.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд өглөөний 10:30 цагийн орчимд машин дотроосоо гал нээж эхэлсэн байна. Францын дотоод хэргийн сайд Лоран Нюньес халдлагад өртсөн хоёр хотод очихдоо энэхүү халдлагыг "илэрхий террорист гэмт хэрэг" гэж нэрлэжээ.
Ерөнхий сайд Себастьен Лекорню энэ хэргийг "маш ноцтой" гэж үзэж, "аюулгүй байдлын алба болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүх нөөц бололцоог бүрэн дайчлан ажиллуулж байна" гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.
Энэхүү аллага нь амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн томоохон жагсаалын үеэр үймээн самуун дэгдсэнээс хойш Франц улс хурцадмал нөхцөл байдалд байгаа үед тохиож байна. Энэ амралтын өдрүүдэд дахин эсэргүүцлийн жагсаал болох төлөвтэй байгаа тул өнгөрсөн долоо хоногийн турш олон хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож, цагдаагийн хүчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна.
Холбоотой мэдээ

Ахмадын хорооллын зүүн талын замыг өнөөдөр орой хаана

80 жилийн өмнө сансраас дэлхийн анхны зургийг авсан

Эль Сальвадор Хайтид тусгай хүчний 100 цэрэг илгээж, олзлогдсон цэргүүдээ аврахаар ажиллаж байна

Нью-Йорк хотод 2028 оноос морин сүйх тэрэгний үйлчилгээ хориглогдоно

Санхүүгийн боловсролын өдөрлөгт 300 гаруй сурагч оролцлоо

