Монгол-Финландын харилцаа: Рамстедтээс эхлээд 5G хүртэл

Монгол, Финландын хооронд дипломат харилцаа 1963 оны долоодугаар сарын 15-нд тогтоогдсон бөгөөд Финланд нь Монголтой дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.
Хоёр орны харилцааны үндэс суурийг XX зууны эхээр нэрт монголч эрдэмтэн, дипломатч Густав Йон Рамстедт (1873-1950) тавьсан. Тэрбээр 1898-1912 онд Монголын нутгаар гурван удаа аялж, алтай судлалын материал цуглуулсан бөгөөд 1911 онд чин ван М.Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Санкт-Петербургт байх үеэр биечлэн уулзаж, зөвөлгөө өгч, зуучлан тусалж байжээ. Финландын монголч эрдэмтэн Харри Хален өөрийн судалгаанд Оросууд Монголчуудад 15 мянган винтов буу нийлүүлэх шийдэлд хүрсэн гэдгийг тэмдэглэсэн байдаг.
1912 онд Рамстедт гурав дахь аялалаараа тусгаар тогтносон Монгол Улсад аялж, Хүрээнд сайд да лам Цэрэнчимэд, хошой чин ван Ханддорж, Хайсан гүн нартай уулзсан. ОХУ-ын эрдэмтэн Марк Гольманы бүтээлд тэмдэглэснээр тэрбээр Монголыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри-Унгарын Засгийн газарт ноот бичгээр хандахыг зөвлөж байжээ.
1966 оноос хоёр орон экспорт, импортын нэгдэл, пүүсүүдийн шугамаар худалдаа хийж, 1974 онд Засгийн газрын түвшинд худалдааны хэлэлцээр байгуулжээ. 1990 оноос Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Финландын Засгийн газар хоорондын комисс ажиллаж, 2007 оны тавдугаар сард хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан.
1980-1990-ээд онд Финландын зээл, тусламжаар цаг агаарын тандалтын сүлжээ байгуулах, нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийх, хүйтэн нөхцөлд авто зам тавих технологи турших, ойн түймрээс сэргийлэх, сүүний үйлдвэрийн технологийг шинэчлэх зэрэг төсөл хэрэгжүүлжээ. Дэд бүтцийн хөгжлийн яам 1998 оноос Финландын Замын газартай хамтран хүйтэн асфальтын хольцыг Монголын нөхцөлд нэвтрүүлж, зам, барилгын өртгийг 40 хувь хүртэл хямдруулсан байна.
Финландын хүүгүй зээлээр "Туомо Халонен" компани Багахангайд жилд 20 мянган адуу, 2 мянган үхэр, 20 мянган бог нядалж, 900 тонн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж, 1995 онд ашиглалтад оруулжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар Хас банкийг үүсгэн байгуулахад Финландын Засгийн газар 600 мянган ам.долларын буцалтгүй тусламж, 2000 онд "Micro Start" хөтөлбөрт 600 мянган ам.долларын нэмэлт санхүүжилт олгож байжээ.
2011 оны найм-есдүгээр сарын заагт Финландын Ерөнхийлөгч Тарья Халонен бизнесийн төлөөлөгчдийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь Нордикийн орнуудаас Монголд айлчилсан анхны төрийн тэргүүн болсон юм. Энэ айлчлалын үеэр Финландын Геологийн албаны дэмжлэгтэйгээр Монголд Геологийн төв лабораторийг байгуулж, ашиглалтад оруулжээ.
2025 оны наймдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсад анх удаа албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцааг бэхжүүлэх Хамтарсан Мэдэгдэл гаргасан. Тэрбээр Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй хэлэлцээ, Эдийн засгийн сайд Сакари Пуистотой уулзалт хийж, Парламентын дарга Иүси Хала-Ахо хүлээн авч уулзсан бөгөөд Ерөнхийлөгч Александр Стубб хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Стубб Монгол Улсад айлчлах урилгатайг нотолсон.
2025 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай уулзаж, харилцааг өргөжүүлэх тухайд санал солилцжээ.
Боловсролын салбарт МУБИС болон Финландын Турку их сургууль багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулах, Финланд арга зүйг Монголын боловсролын системд нутагшуулахаар тохиролцсон. Финландын Турку их сургуулиас салбарлан гарсан математикийн "Eduten" платформыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад эх хэл дээр нэвтрүүлж байна. 2026 оны аравдугаар сард Боловсролын яам Турку их сургууль болон "Eduten" платформын удирдлагуудтай уулзаж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
2025 оны арваннэгдүгээр сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Финланд Улсаас хавсран суугаа Элчин сайд Микко Киннунентэй уулзаж, ойн тогтвортой менежмент, засаглалыг сайжруулах чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон.
НҮБ-ын Comtrade-ын мэдээллээр хоёр орны худалдааны эргэлт жилд дунджаар 47-48 сая ам.долларт хэлбэлзэж, үүний 47.15 сая ам.долларыг Финландаас авсан импорт бүрдүүлдэг. Монгол Улсаас Финланд руу гаргах экспорт 80-100 мянган ам.долларт хэлбэлзэж, арьс ширэн эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлал, үндэсний хөгжмийн зэмсэг багтдаг.
Уул уурхайн салбарт Финландын Metso Outotec, Sandvik Mining and Construction, Normet компаниудын тоног төхөөрөмжийг Оюу Толгой, Эрдэнэт зэрэг ордуудад ашигладаг. Мөн Kone брэндийн цахилгаан шат, ойн менежментийн цаасан бүтээгдэхүүн импортод багтдаг.
Харилцаа холбооны салбарт Монголын Ondo компани Финландын Nokia компанитай 5G сүлжээ байгуулах гэрээ болон Стратегийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зуржээ. Ondo нь Nokia-гийн сүлжээний технологид суурилан 30 км-ийн зайд байгаа операторгүй экскаваторыг 5G долгионоор алсаас удирдах туршилтыг амжилттай хийсэн. Мобиком, Юнител, Скайтел зэрэг операторууд Nokia Networks-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж иржээ.
2026 оны гуравдугаар сард Хельсинки хотноо зохион байгуулагдсан Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, дижитал технологи, геологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх алхмуудыг хэлэлцсэн.
Холбоотой мэдээ

Ахмадын хорооллын зүүн талын замыг өнөөдөр орой хаана

80 жилийн өмнө сансраас дэлхийн анхны зургийг авсан

Эль Сальвадор Хайтид тусгай хүчний 100 цэрэг илгээж, олзлогдсон цэргүүдээ аврахаар ажиллаж байна

Нью-Йорк хотод 2028 оноос морин сүйх тэрэгний үйлчилгээ хориглогдоно

Парисын ойролцоо зэвсэгт халдлага: нэг хүн амиа алдаж, таван хүн шархадлаа

