Эль Сальвадор Хайтид тусгай хүчний 100 цэрэг илгээж, олзлогдсон цэргүүдээ аврахаар ажиллаж байна

Төв Америкийн Эль Сальвадор улс Хайти улс руу тусгай хүчний 100 цэргээ илгээсэн нь зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртөж, сураггүй болсон дөрвөн цэргийн алба хаагчaa аврах зорилготой гэж Пүрэв гарагт мэдээлэв.
Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле нисэхийн техникийн дөрвөн мэргэжилтнийг аврах тусгай ажиллагаа эхэлснийг зарлаж, Хайти дахь зэвсэгт бүлэглэлийн удирдагчдад Креол хэлээр анхааруулга өгснөөс хойш нэг хоногийн дараа энэ хүч хөдөлсөн байна.
«Бидэнд ганцхан зорилго бий: улсынхаа дөрвөн иргэнийг ямар ч гэмтэл бэртэлгүйгээр, амьд мэнд эх оронд нь авчрах. Бид Эль Сальвадор дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийг аль хэдийн дарж чадсан, та нарыг ч бас дарж чадна» хэмээн Лхагва гарагт Букеле сошиал хуудсандаа бичжээ.
Букелегийн мэдээлснээр, Хайти дахь зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх НҮБ-ын дэмжлэгтэй хүчний бүрэлдэхүүнд багтаж байсан эдгээр дөрвөн цэрэг Ням гарагт хүнс худалдаж авахаар явахдаа отолтод орж, барьцаалагдсан байна.
НҮБ-ын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин Пүрэв гарагийн орой товч мэдэгдэл гаргаж, Эль Сальвадороос ирсэн «цэргийн бүлэг» халдлага болсон бүс нутагт «эрэн хайх болон аюулгүй байдлыг хангах ажиллагааг дэмжихээр» хүрэлцэн ирснийг дурджээ.
Хайтийн засгийн газар Лхагва гарагийн орой сураггүй болсон дөрвөн цэрэг барьцаалагдсан болохыг баталсан бөгөөд энэ нь Ням гарагт Круа-де-Буке бүсэд уг халдлага болсноос хойш тус улсын засгийн газраас гаргасан анхны мэдэгдэл болсон байна.
Албаныхны мэдээлснээр, цэргүүд хуягласан тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зэвсэгт бүлэглэлийнхний гал болон тэсрэх бөмбөгийн халдлагад өртсөн байна. Энэ нь Хайти дахь зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын хүчин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш гарсан анхны томоохон халдлага юм.
Өмнө нь Кени улсын тэргүүлсэн Африкийн орнуудын хамтарсан хүч Хайтид дэг журам тогтооход туслах зорилгоор ирсэн ч амжилт олоогүй тул тэднийг НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын өөр хүчээр сольж байгаа аж.
Энэхүү халдлага нь «Чен Мекан» бүлэглэлийн хяналтад байдаг нутаг дэвсгэрт болсон бөгөөд түүнээс баруун зүгт хамаагүй илүү хүчирхэг, зэвсгийн хүч ихтэй «400 Мавозо» бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг. Халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлэээгүй бөгөөд дээрх бүлэглэлүүдийн аль нь ч энэ талаар мэдээлэл гаргаагүй байна.
Лхагва гарагийн орой халдлага болсон газраас холгүй орших нутаг дэвсгэрийг хянадаг «Крисла» хэмээх бүлэглэлийн толгойлогч нэгэн видео бичлэг сошиал сүлжээнд нийтэлж, Букеле болон үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний талаар дурдсан байна.
«Тэд биднээс илүү том зэвсэг, дэвшилтэт технологитой ч бид эцсээ хүртэл тэмцэх болно. Бид Букелег энд ирэхийг, эсвэл цэргүүдээ илгээхийг хүсээгүй. Букеле өөрийн цэргүүдийн амийг эрсдэлд оруулан байж, өөрийн мөнгө хөрөнгийг хамгаалахын тулд л энд ирж байна» гэж тэр хэлжээ.
Карибын тэнгисийн арал улс Хайтийн нийслэл Порт-О-Прэнс хот 2020 оноос хойш орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд болон засгийн газрын хүчний тулааны талбар болсон бөгөөд 2023 оны байдлаар зэвсэгт бүлэглэлүүд тус хотын 90 хувийг хянаж байжээ. Сүүлд Хайтийн засгийн газар дэг журам тогтооход олон улсын дэмжлэг хүссэний дагуу НҮБ олон улсын хамтарсан хүчийг зохион байгуулж, илгээсэн юм.
Холбоотой мэдээ

Трамп: Маск Украинд зориулсан Старлинкийн хурдыг бүрэн сэргээлээ

Б.Мөнхжин Британийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол-Финландын харилцаа: Рамстедтээс эхлээд 5G хүртэл

С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийн 2 их наядаар эрчим хүчний шинэ эх үүсвэр барина

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын ам зөрөөд байна

