ЗГ: 65 ТӨҮГ-ыг өөрчлөн зохион байгуулж, жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон мэдээлэл хийв.
Төрийн өмчийн бодлогын шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталсан. Уг хуулиар төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болж, үүний оронд нийтийн үйлчилгээний байгууллага гэх хэлбэр нэмэгдсэн. Энэ хүрээнд 65 төрийн өмчит үйлдвэрийн газрыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах шаардлага гарчээ.
Тодруулбал, үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг газруудыг нийтийн үйлчилгээний зориулалттай төрийн өмчит компани, төрийн үйлчилгээ үзүүлдэг газруудыг нийтийн үйлчилгээний байгууллага болгон шилжүүлэх шийдвэр гаргасан. Чиг үүргийн шинжилгээгээр давхардсан, адил төстэй үйл ажиллагаа явуулж буй 25 үйлдвэрийн газрыг нэгтгэх, татан буулгахаар төлөвлөжээ.
Д.Цолмонгийн хэлснээр, 21 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн 16 төрийн өмчит компани болгож, 37 төрийн өмчит компанийг нэгтгэж 31 нийтийн үйлчилгээний байгууллага болгох аж. Мөн зарим чиг үүргийг төрийн байгууллагад шилжүүлэх боломжтой гэжээ.
Нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд хамрагдаж буй 25 байгууллага 2025 оны байдлаар нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ. Удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэж, бүтэц, орон тоог оновчтой болгосноор урсгал зардлыг бууруулж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх тооцоолол гаргажээ.
2025 оны тайлангаас үзвэл, нийт 65 төрийн өмчит үйлдвэрийн газар 7,030 ажилтантай байсан. Үүнээс 26 нь орлогоороо бүрэн санхүүждэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авчээ. Шинэчлэлийн үр дүнд жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж Засгийн газраас үзэж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

