Японд 100 давсан настны тоо анх удаа 100 мянга давжээ

Япон улсад зуу болон түүнээс дээш настай хүний тоо анх удаа 100,000 давсныг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Одоо тус улсад 107,677 ийм настай иргэн амьдарч байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт бөгөөд тэдний 88 хувь нь эмэгтэйчүүд ажээ.
Хамгийн өндөр настай эмэгтэй нь Киото хотын оршин суугч 114 настай Кишимото Фүёо, эрэгтэй нь Күмамото хотын 112 настай Като Хикарү болжээ.
Эрүүл мэндийн сайд Кеничиро Уэно анагаах ухаан, технологийн дэвшлийн ачаар “олон хүн урд удаан, эрүүл, идэвхтэй амьдарч байгаад баяртай байна” гэж мэдэгдсэн боловч нийгмийн хамгааллын тогтолцоог тогтвортой байлгахад тулгарч буй бэрхшээлийн талаар анхааруулсан байна.
Мэргэжилтнүүд япончуудын урт наслалтыг эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарладаг. Тэдний хоол хүнсэнд загас, хүнсний ногоо, будаа голчилдог, ханасан өөх тосны агууламж Өрнөдийн орнуудынхаас бага байдаг. Ахмад настнууд тогтмол алхах, нийтийн тээврээр зорчих, дугуй унах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр идэвхтэй амьдардаг аж.
Японд хүн амын хөгшрөлт олон жил үргэлжилж, насанд хүрэгчдийн живхний борлуулалт сүүлийн арав гаруй жил хүүхдийнхээс давсан байна. Тус улсын компаниуд ахмад настнуудад зориулсан төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэж байгаа.
Хүн амын тоог тогтвортой хадгалахад эмэгтэйчүүд амьдралынхаа турш дунджаар 2.1 хүүхэд төрүүлэх шаардлагатай байдаг ч өнгөрсөн онд энэ үзүүлэлт түүхэн доод хэмжээ болох 1.14 хүрч буурсан юм.
Японы хүн ам 2008 онд 128 саяар оргилдож байсан бол 2070 онд 87 сая болж, 30 хувиар буурах тооцоог Хүн ам, Нийгмийн Хамгааллын Судалгааны Хүрээлэн гаргасан байна. Одоо 65 ба түүнээс дээш настны эзлэх хувь 30 орчим байгаа бол 2070 он гэхэд бараг 40 хувьд хүрэхээр байгаа.
Японы эрх баригчид энэ чиг хандлагыг “оршин тогтнолын хямрал” гэж нэрлээд хүн амын тоог өсгөхөд чиглэсэн яаралтай арга хэмжээ авч байна. 2025 онд тус улсын 47 мужийн хоёроос бусдад нь хүн ам буурсан үзүүлэлттэй байгаа.
Хүн ам буурахтай зэрэгцэн гадаадын цагаачдын тоо өсөж, нийт хүн амын 3 хувьд хүрээд байна. Япон улс 1963 онд зуун настнуудаа анх тоолж эхлэхэд 153 хүн байсан бол 1981 онд 1,000, 1998 онд 10,000 давж байжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

