Япон 2027 онд ДНБ-ээрээ зургаадугаар байр руу ухарна

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн таамаглалаар 2027 онд Энэтхэг, Их Британи улсууд Японыг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээгээр гүйцэж түрүүлснээр Япон дэлхийд дөрөвдүгээр байрнаас зургаадугаар байр руу ухрах төлөвтэй байна.
2023 оноос хойш Япон АНУ, Хятад, Германы дараа дөрөвдүгээр байрт бичигдэж ирсэн.
Энэ сарын эхээр нийтлэгдсэн ОУВС-гийн "Дэлхийн эдийн засгийн төлөв" тайланд Японы нэрлэсэн ДНБ 2026 онд $4.3419 их наяд, 2027 онд $4.4676 их наяд болох төлөвтэй гэж дурджээ. Эдгээр тооцоолол нь хоёр жилийн аль алинд нь 1 иен $158-тай тэнцэх ханш дээр үндэслэсэн.
Харин Энэтхэгийн ДНБ 2027 онд $4.5211 их наяд хүрч, дэлхийд зургаадугаар байрнаас дөрөвдүгээр байр руу дэвших төлөвтэй.
Дөрөвдүгээр сард гаргасан улирлын тайландаа ОУВС Их Британийг 2029 онд Японыг гүйцэж түрүүлнэ гэж таамаглаж байсан бол шинэчилсэн таамаглалаар 2027 онд Их Британийн ДНБ $4.4889 их наяд хүрэхээр тооцжээ.
Японы эдийн засгийн бодит өсөлт 2026, 2027 онуудад 0.7 хувьтай байх төлөвтэй бол Энэтхэгийн эдийн засаг тухайн хоёр оны санхүүгийн жилд 7 хувиар өсөх хүлээлттэй байна. Тайланд "дотоодын эрэлт хэрэгцээ тогтвортой, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхтэй" байгаа нь Энэтхэгийг "хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засгуудын нэг" хэвээр байлгахад нөлөөлсөн гэжээ.
Мөн тайланд Их Британийн эдийн засаг 2026 онд 1.3 хувь, 2027 онд 1.2 хувиар өсөх магадлалтайг мэдээлсэн.
Япон удаан хугацаанд дэлхийд хоёрдугаар байрыг эзэлж байсан ч Хятадын хурдацтай өсөлтийн улмаас 2010 онд гуравдугаар байр руу ухарч, 2023 онд Герман улсад байр сууриа алдан дөрөвдүгээр байр руу шилжсэн.
Холбоотой мэдээ

Нийтийн тээврийн жолооч нарын “Уран жолоодлого-2026” тэмцээн үргэлжилж байна

Францад 550 мянга гаруй хүн жагсаж, 1200 хүн баривчлагджээ

Суурьшлын бүсэд баавгай орсон тухай 24 цагт 18 дуудлага бүртгэгдлээ

Ханбогдод 700 гаруй хүн гүйсэн "Ханбогд марафон 2026" болж өнгөрлөө

Хотын даргад хоёр сард 8,373 санал, хүсэлт ирж, 5,120 нь гомдол байна

