Ямайкийн сайд Лондонд III Чарльз хаанд боолчлолын нөхөн төлбөрийн хүсэлт гардуулна

Ямайк улсын засгийн газрын төлөөлөгчид Лондонд айлчлах үеэрээ III Чарльз хаанд боолчлолын үеийн нөхөн төлбөрийн албан ёсны хүсэлтийг гардуулахаар төлөвлөжээ. Төлөөлөгчдийг Соёлын сайд Оливиа Грэнж ахалж байгаа аж.
Ямайкын талаас "олон зуун жилийн турш боолчлолд өртсөн Африк өвөг дээдсийнхээ төлөө нөхөн төлбөр барагдуулах ажлыг урагшлуулна" гэж мэдэгджээ. Энэ нь Хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудаас Ямайк анх удаа хуулийн дагуу нөхөн төлбөрийн асуудлыг Британийн хаанд тавьж байгаа явдал юм.
Төлөөлөгчид хаанд гурван асуулт тавихаар төлөвлөсөн: Африкчуудыг Ямайкт боолчлох нь Английн хуулиар зөвшөөрөгдсөн эсэх, энэ нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн эсэх, Их Британи нөхөн төлбөр барагдуулах хууль ёсны үүрэгтэй эсэх. Хариултууд нь нөхөн төлбөрийн асуудлаар шүүх хуралд баримт болох юм байна.
Букинхэмийн ордны хэвлэлийн төлөөлөгч "Ямайкийн засгийн газрын Шүүхийн Зөвлөх Хороонд хэлэлцүүлэх өргөдөл гаргах хүсэлтийг бид ойлгож байна. Хаан боолчлолын асуудлаар илүү сайн ойлголттой болох, өнөөгийн нийгмийн сайн сайхны төлөө түүхэн алдааг засварлах арга замыг олоход амлалтаа удаа дараа илэрхийлж байсан" гэж мэдэгдсэн байна.
Грэнж сайд мөн колоничлолын үеийн эд өлгийн зүйлсийг буцааж авах асуудлаар Британийн Музейн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ. Чарльз хаан, Камилла хатан хаан нар энэ оны сүүлээр Карибын тэнгисийн орнуудаар айлчлах тов хийгдсэн ч Ямайкийг айлчлалын маршрутад оруулаагүй байна.
Британийн хааны гэр бүл боолын худалдаанд харамсаж буйгаа илэрхийлсэн ч албан ёсоор уучлалт гуйх, нөхөн төлбөр төлөхөөс татгалзсаар ирсэн. 2024 онд Самоад болсон Хамтын Нөхөрлөлийн орнуудын дээд чуулганаас Атлантын далай дамнасан боолын худалдааны өвийн асуудлыг хөндөх, нөхөн төлбөрийн яриа хэлэлцээг эхлүүлэх уриалга гаргасан билээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

