Ягодын өртөөнд Өрнөдийн улс төрчдийг тээвэрлэж явсан галт тэрэгний зүтгүүр Оросын цохилтод өртжээ

Ням гарагт Украин-Польшийн хил дээрх Ягодын өртөөнд дипломат төлөөлөгчдийг тээвэрлэж явсан галт тэрэг зогсож байх үед зүтгүүр нь Оросын агаарын цохилтод өртсөн гэж Украины үндэсний төмөр замын оператор Укрзализниця мэдэгдэв.
Тус галт тэргэнд Европын Холбооны гишүүн хэд хэдэн улсын аюулгүй байдлын зөвлөхүүд, Европын удирдагч асан хүмүүс, түүний дотор Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон зорчиж явсан гэж Укрзализниця мэдэгдсэн байна. Халдлага болох яг тэр мөчид Ягодын өртөөнд байсан өөр нэг галт тэрэгт АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга асан Дэвид Петреус байжээ.
Зорчигчдыг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүн бэртэж гэмтээгүйг Украины төмөр замын компани мэдээлсэн.
Путин нөхцөл байдлыг хурцатгаж байна
гэж Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорски сошиал хуудсаараа мэдэгдсэн. Польшийн ерөнхий сайд Дональд Туск өчигдөр үдээс хойш хямралын үед ажиллах багийг яаралтай хуралдуулсан байна.
Украины агаарын орон зай хаалттай байгаа тул Киев хот руу зорчиж буй Өрнөдийн улс төрчид Польш-Украины төмөр замыг ашигладаг.
Польшийн төмөр замын оператор PKP компани уг галт тэрэг Украины талаас зургаан цагаас илүү урт хугацаагаар хоцорч ирсэн бөгөөд одоо Варшавын чиглэлд үргэлжлүүлэн зорчиж байгааг мэдээлсэн.
Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камышийн мэдээлснээр өчигдөр баруун Украины нутагт, тус улсын хилээс нэг километр зайд нэг, таван километр зайд бас нэг нисгэгчгүй онгоц довтолсон. Энэ үед F-16 сөнөөгч онгоцнууд болон тагнуулын онгоц нөхцөл байдлыг хянаж байсан бөгөөд Польшийн агаарын хил зөрчигдөөгүйг тэр нэмж мэдээлсэн.
Энэ бол Путиний терроризм Европын Холбоо болон НАТО-гийн хаалгыг тогшиж буйн илрэл. Оросын зэрлэгүүд та нарын үүдэнд тулж ирээд байна, түншүүд ээ
гэж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига сошиал хуудсандаа анхааруулан бичсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам баруун Украины төмөр замын дэд бүтцэд довтолсноо хүлээж, Европын орнуудаас Украинд ирж байсан зэвсэг техникийн цувааг онилсон гэж тайлбарлажээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

