Яармаг-Хархорины дүүжин тээврийн 48 дүрмийг ирэх долоо хоногт иргэдэд түгээнэ

Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, нийт гүйцэтгэл 90 хувьд хүрсэн байна. Уг тээврийг энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулах гэж байгаа ч зорчигчдын тарифыг одоогоор тогтоогоогүй байна.
4.2 км урт, хоёр өртөөтэй энэхүү тээвэр нь 98 кабинаар цагт 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай ажээ.
Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, "Моннис инженеринг" ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж, "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналт тавьж байна.
"Моннис инженеринг" ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан: "Дүүжин замын тээврийн механик угсралтын ажил бүрэн дууссан. Одоо аюулгүйн тохиргоо, туршилтын ажлуудыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн хийж байна. Манай компани Францын 'Пома' групптэй хийсэн туслан гүйцэтгэгчийн гэрээний хүрээнд хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж чадна гэсэн байр суурьтай байгаа. 12 дугаар сарын 15-н гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна" гэв.
"Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа: "Дүүжин замын тээвэр зорчигчдод үйлчилж эхлэхэд шаардлагатай дүрэм, журмыг Францын 'Пома' группээс хүлээн авсан. 48 дүрэм, журам боловсруулсныг монгол хэл рүү орчуулаад байна. Дүүжин тэврээр зорчих дүрэм, журмыг ирэх долоо хоногоос иргэдэд түгээх ажлыг эхлүүлнэ" гэжээ.
Хотын дарга Б.Пүрэвдагва өмнө нь "Дүүжин тээврийг улсын комисс хоёр үе шаттайгаар хүлээж авна. Туршилтын хугацаанд техникийн алдаа гарвал засвар үйлчилгээг хийж, ашиглалтад орох хугацаа хойшлох магадлал бий" гэж хэлж байсан.
Уг төслийг Франц улсын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү нь нэг жилийн 0.0076 хувь. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс буюу 2038 оноос зээлээ төлж эхлэх бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх онцлогтой ажээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

