Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

Канадын зохиолч Энн Карсон энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзэн боллоо. Шведийн Академи 76 настай түүнийг сонгодог уламжлалыг хөгжилтэй харилцан яриа, түүхтэй хослуулж, орчин үеийн уран зохиолд шинэ хэв маяг бий болгосон зоримог, бүтээлч зохиолч хэмээн үнэлжээ.
Хайр дурлал, хүсэл тэмүүлэл, цөхрөлийн сэдвийг эртний үлгэр туульстай хослуулан бичдэг Карсон Грекийн сонгодог уран зохиолын орчуулгаараа алдаршсан. Түүний бүтээлүүд дуурь, жүжгийн зохиол, шүүмж хүртэлх өргөн хүрээг хамардаг бөгөөд энэ нь сонгодог уран зохиолын нөлөөг гүнзгий тусгасан байдаг. Жишээ нь 2019 онд хэвлэгдсэн “Norma Jeane Baker of Troy” жүжгийн зохиолд Трой хотын Хелен болон Мэрилин Монро гэсэн өөр цаг үеийн гоо бүсгүйчүүдийн түүхийг хослуулсан.
Шведийн Академийн нарийн бичгийн дарга Ингрид Карлбэрг хэвлэлийн хурлын үеэр зохиолчтой товчхон утсаар ярьснаа мэдээлж, “Бидэнд ярих цаг их байсангүй. Тэр надад яг одоо Исландад байгаагаа, салхины чимээг чагнаж байгаагаа хэлсэн. Тэр шагнал авах болсноо сонсоод гайхсан ч маш их баярласан. Хоолойн өнгөнөөс нь би үүнийг мэдэрлээ” гэж ярьсан.
Карсон 2008 оноос хойш Исландад амьдарч, тус улсын иргэн болжээ. Канадын ерөнхий сайд Марк Карни түүнд баяр хүргээд “Тэрбээр эртний түүхүүдийг шинэ үеийн уншигчдад хүргэж, уран зохиолын талаар бидний ойлголтыг өөрчилсөн хүн юм” гэж магтсан ба “Канадын хувьд гайхамшигтай амжилт, бахархалтай мөч” гэж дүгнэсэн.
Зохиолчийн замнал
1950 онд Торонто хотод төрсөн Карсон тус хотын их сургуульд боловсрол эзэмшсэн. Тэрээр Умард Америкийн МакГилл, Мичиган, Нью-Йорк, Принстоны их сургуулиудад багшилж байв. Сонгодог урлаг судлалын профессор, эртний хэл, уран зохиол, антропологи, түүхийн мэдлэг туршлагатай түүнийг Нью Йорк Таймс сонин 2001 онд “шилдэг пастишуудын нэг” хэмээн өргөмжилж байжээ.
Түүний өвөрмөц яруу найргийн бүтээлүүд 1990-ээд оны үед утга зохиолын хэд хэдэн чухал шагнал хүртсэн бөгөөд 1996 онд “Lannan Award”, 1997 онд “Pushcart Prize” зэрэг багтдаг.
Шведийн Академи 120 жилийн түүхэндээ Лев Толстой, Жорж Луйс Борхес зэрэг аугаа зохиолчдыг үл тоомсорлож, 2016 онд дуучин, хөгжимчин Боб Диланыг шагнасан зэрэг шийдвэрүүдийн улмаас байнга шүүмжлүүлдэг. Гэхдээ тус академи 1982 онд Колумбын Габриэль Гарсиа Маркес, 2007 онд Дорис Лессинг зэрэг алдартнуудыг шагнаж байсныг сануулахын зэрэгцээ олонд танигдаагүй хэлбэр, урсгалуудыг нийтэд таниулж, уншигчдын хүрээг тэлэхийг өөрийн нэг үүрэг гэж тайлбарладаг.
Утга зохиолын Нобелийн шагналыг 1901 оноос хойш 122 хүн хүртсэний ердөө 19 нь эмэгтэй байжээ. Өнөөдөр буюу Баасан гарагт энх тайвны шагналтан, Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар энэ оны Нобелийн шагналын эздийг тодруулах ажиллагаа өндөрлөнө.
Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлэг

