Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нар өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 1-нд Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүлэв.
Төсөл санаачлагчид усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барихыг хориглох зохицуулалтыг тусгасан байна.

Гол, усны онцгой хамгаалалтын бүсэд газар шорооны ажил, суурийн цутгалт хийснээр усан сан бүхий газрыг бохирдуулж, үер усны гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж, усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг гэж төслийг боловсруулагчид үзжээ.
Иймд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламж барихыг хориглохоор тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" хэмээн заасныг онцлов.
Гэвч Үндсэн хуулийн холбогдох заалтыг сулруулж, Усны тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээснээр байгаль орчин, усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болсон гэж тэрбээр хэлэв.
Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

