УОК: Он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 тохиолдол бүртгэгдэж, 20 баавгайг устгажээ

Он гарснаас хойш баавгайтай холбоотой нийт 997 тохиолдол бүртгэгдсэн гэж Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв. Орон нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас энэ мэдээллийг ирүүлсэн байна.
Аймаг тус бүрийн тохиолдол
- Архангай — найм
- Баян-Өлгий — хоёр
- Булган — 43
- Дархан-Уул — 110
- Завхан — 47
- Хөвсгөл — 109
- Увс — 16
- Дорнод — 13
- Хэнтий — 254
- Төв — 21
- Сэлэнгэ — 109
- Нийслэл — 14
- Улсын тусгай хамгаалалттай газарт 200 гаруй тохиолдол бүртгэгджээ
Дуудлагын 40 орчим тохиолдолд баавгай иргэдийн эд хөрөнгө рүү халдсан, айлын гэр, хашаа хороог нь нураасан, машинд халдсан, зарим тохиолдолд мал барьсан, нохой барьсан байна. Хамгийн харамсалтай нь Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд хоёр иргэн рүү халдаж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон. Бүртгэгдэж буй нийт тохиолдлын 80 орчим хувьд нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай үзэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа
Т.Баярхүүгийн хэлснээр, УОК-ын шийдвэр гарахаас өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгавар гарч, орон нутагт найман удаагийн тохиолдлоор баавгайг устгасан байна. Иргэдэд аюул занал учруулж болохуйц эрсдэлтэй нөхцөл үүссэн тул мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу устгах ажлыг зохион байгуулжээ.
Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй 12 тохиолдол гарсан тул одоогийн байдлаар нийт 20 баавгайг устгаж, аюулгүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Сүүлийн үед баавгай суурьшлын бүс рүү орж ирж байгаа тохиолдлуудад шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагууд холбогдох судалгаа, шинжилгээг хийж байгааг тэрээр хэллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

