Унгарын Их Дуулгад Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Унгарын Их Дуулга жүдогийн тэмцээн энэ сарын 11-нээс 13-ныг дуустал болж, 67 орны 504 тамирчин өрсөлдсөнөөс Монголоос есөн жүдоч оролцлоо.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ө.Бямбасүрэн мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ. Медаль хүртсэн 29 улсын дунд Монголын баг 14-т бичигдэв.

Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медалиар тэргүүлсэн бол ОХУ хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Израиль хоёр алт, нэг хүрэл медальтай удаалжээ. Мөн Бразил, Азербайжан, Итали, Испани, Хорват, Болгар, Грек тус бүр нэг алтан медаль зүүсэн байна.
23 настай Ө.Бямбасүрэн Их Дуулга тэмцээнээс анхны медалиа хүртэж, дэлхийн чансаандаа 700 оноо нэмж, 705 оноогоор 446 байр ахин 69-д бичигдэж эхэллээ.
Олимпоос хойш завсарлаад эргэн ирсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү олон улсын хоёр дахь тэмцээндээ хүрэл медаль зүүж, дэлхийн чансаанд 660 оноогоор 53-т жагслаа. Ингэснээр ирэх аравдугаар сард болох жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох боломжтой болж байна.
Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчин ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох эрхтэй.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

