Унгар улс Оросын 10 дипломатчийг хөөв

Унгар улс Оросын 10 дипломатчийг “дипломат статустай нь үл нийцэх үйлдэл гаргасан” үндэслэлээр нутаг дэвсгэрээсээ хөөсөн байна.
Унгарын гадаад хэргийн сайд Анита Орбан мэдэгдэхдээ, “Венын Конвенцын дагуу олгогдсон дипломат статустайгаа үл нийцэх үйл ажиллагааг Унгар улсын нутаг дэвсгэрт явуулсан. Энэ шийдвэр нь Орос улстай дипломат харилцаагаа таслах гэсэн үг биш. Унгар улс шаардлагатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.
Оросын гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авахаа амлаад, энэ нь Унгарт хүнд тусахыг анхааруулжээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Будапешт дахь руссофоб үзлийн лоббид үзүүлэх хариу арга хэмжээ хатуу бөгөөд шаналгаатай байх болно” гэж мэдэгдсэн юм.
Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан энэ оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар эрх мэдлээ алдсан. Тэрээр Европ дахь Москвагийн цөөхөн түншүүдийн нэг байсан бөгөөд түүний засаглалын үед Унгар ЕХ-ны хоригийг үл харгалзан Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн авч, Украинд олгох ЕХ-ны 90 тэрбум еврогийн зээлд хориг тавьж байв.
Украины дайн эхэлснээс хойш олон Европын орон Оросын дипломатчид хөөсөн ч Унгар ийм алхам хийгээгүй юм.
Шинэ ерөнхий сайд Петер Мадьяр, түүний баруун төвийн засгийн газар Виктор Орбаны үед муудсан Европын Холбоо, НАТО-той харилцаагаа сэргээхийг хичээж байгаа. Тавдугаар сард парламентад хэлсэн үгэндээ Анита Орбан Оросыг “түнш” хэвээр үлдэх ч шинэ харилцаа “нэг талаас хэт хамааралтай” байх боломжгүйг мэдэгджээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

