Улсын ургацын комисс: Ургац хураалтыг эрчимжүүлэх, шатахууны нөөц бүрдүүлэх чиглэл өглөө

Улсын ургацын комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2026 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын төлөв, таримлын болц болон технологийн онцлогийн талаарх мэдээллийг сонссон байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Ц.Идэрбат хурлыг нээж хэлсэн үгэндээ, геополитик нөхцөл байдал, хөрш орнуудын дайн зэргээс шалтгаалан импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэлтэй байгаа тул дотоодын үйлдвэрлэлээс үндсэн нэр төрлийн таримлыг хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах шаардлагатайг онцолсон.
Тэрбээр “Атар-4” аяны хүрээнд Засгийн газраас 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгосон болон Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежийн оюутан, хугацаат цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад татан оролцуулахаар шийдвэрлэснийг дурдлаа. Эхний ээлжид Зэвсэгт хүчнээс 2300 цэрэг, Хөдөө аж ахуйн их сургуулиас 500 гаруй оюутан гэрээ байгуулан ажиллахаар болжээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр тариалангийн бүс нутагт нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах шаардлагатайг сайд онцлов. Мөн комиссын хуралдаанаар холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар болон бусад албан тушаалтнууд мэдээлэл хийж, гишүүд асуулт асууж, санал солилцсон.
Хуралдааны төгсгөлд сайд Ц.Идэрбат комиссын гишүүд, холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагуудад ургац хураалтыг эрчимжүүлэх, хаягдалгүй хураах, ургацын мэдээг үнэн зөв гаргах зэрэг албан даалгавар өгсөн. Хуралдааны үеэр ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхэд шаардагдах 12 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй хангахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон “Хөдөө аж ахуйн корпораци”-д үүрэг болгосон байна.
Энэ жилийн таримлын болц харьцангуй жигд байгаа ч ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногийн хойно эхэлж байгаа тул ажлыг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатайг онцолсон.
2026 оны ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж буй аж. Мөн 2026 оны намрын ургацаас 100 мянган тонн хүнсний улаанбуудай, анх удаа 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

