Улсын харцага Ж.Намжилдорж 55 насандаа таалал төгслөө

AI мэдээ
Улсын харцага Ж.Намжилдорж 55 насандаа таалал төгслөө

Монгол Улсын харцага Жанчивравдангийн Намжилдорж 2026 оны есдүгээр сарын 13-нд таалал төгссөн тухай Монголын Үндэсний бөхийн холбоо мэдэгдлээ.

Тэрбээр 1971 оны долдугаар сарын 13-нд Төв аймгийн төв Зуунмод хотод төрж, Баянцагаан сумын уугуул, гахай жилтэй. Аав Жанчивравдан нь аймгийн хурц арслан, өвөг эцэг Гомбосүрэн нь даншгийн заан цолтой удамт бөх байжээ.

1993 оны улсын баяр наадамд улсын заан Ж.Ганболдыг зургаа даван дунд шөвөгт шалгарч «Өсөх идэр начин» цол хүртсэн. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цолыг нөхөн хүртсэн.

Мөн 1993 онд Монголын сайхан залуу шалгаруулах «ЮНДЭН ГӨӨГӨӨ» анхдугаар тэмцээнд түрүүлж байсан.

Харцага Ж.Намжилдорж барилдааны үед хав барьцнаас баруун гараараа ачих, баруун тахимдаж хөөх, хутгах, шуудагнаас өргөж хавирах, хөл авах мэхийг голлон хийж байсан. Ид барилдаж байх үедээ биеийн өндөр 190 см, жин 130 орчим кг байв.

Чөлөөт бөхийн олон улсын болон дотоодын тэмцээнээс 30 гаруй медаль хүртэж, Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан. Биеийн тамирын «Шонхор» дээд сургуулийг төгсөж, багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшжээ.

Талийгаачийн төлөв даруу, хүнлэг энэрэнгүй, гүндүүгүй нөхөрсөг зан чанар, Монгол бөхийн гэгээн сайхан дүр төрх нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Монголын Үндэсний бөхийн холбоо талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлжээ.

СпортУншигчдад
0

Холбоотой мэдээ