Улаанбаатарт олон улсын гэрэл зургийн фестиваль анх удаа болж байна

AI мэдээ
Улаанбаатарт олон улсын гэрэл зургийн фестиваль анх удаа болж байна

Олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа буюу Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг тус фестиваль нь улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Монгол Улсад болж буй энэхүү фестиваль нь Монголын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн онцлог, Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.

Фестивалийн хүрээнд есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлогтой газруудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулна. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг арга хэмжээнд зураг авалт хийнэ. Төгсгөлд нь оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.

Фестивальд Бүгд Найрамдах Сингапур улсаас 25, Малайзаас 18, Бүгд Найрамдах Солонгос улсаас 13, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсаас 6, Бүгд Найрамдах Филиппин улсаас 34, Бүгд Найрамдах Индонез улсаас 23, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас 9, Австралийн Хамтын Нөхөрлөлийн улсаас 12 гэрэл зурагчин оролцохоор ирсэн. Хамгийн олон гэрэл зурагчин Филиппин улсаас иржээ. Монгол Улсаас 10 гэрэл зурагчин фестивальд оролцох гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Соёл
1

Холбоотой мэдээ