Улаанбаатарт BYD-гийн Sky Shuttle-ийг 2027 онд туршиж эхлэхээр төлөвлөж байна

Улаанбаатарын нийтийн тээвэрт BYD компанийн "Sky Shuttle" цахилгаан хэрэгслийг нэвтрүүлэх санамж бичгийг "BYD Company Limited"-тэй байгуулсан байна. Нийслэлийн Засаг дарга энэ талаар тус группийн "Sky Shuttle" төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр мэдээлжээ.
Уулзалтаар төслийн ТЭЗҮ-ийг энэ оны арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажил эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна" гэж хэлсэн байна.
Тэрбээр Засаг даргын захирамжаар BYD-тай холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд өөрийн ахлах зөвлөх, НЗД, НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан төслийг хариуцахыг мэдэгдсэн. Мөн "Энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор зураг, төсвийн ажлыг дуусгана. 2027 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, тухайн оны 11 дүгээр сард батарейд суурилсан нийтийн тээврийг туршилтаар явуулахыг зорьж байна" гэж тодотгожээ.
Түүнчлэн "Төслийг сонгон шалгаруулалт эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үү гэсэн хувилбаруудыг сонгож, хэрэгжүүлнэ" гэсэн байна.
BYD группийн "Sky Shuttle" төслийн захирал Никола Жан "Бидний уулзалт бүрд алхам алхмаар үр дүн гарч, хамтын ажиллагааны шатандаа орлоо" гэж мэдэгдсэн байна.
"Sky Shuttle" нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих бөгөөд ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцолжээ.
"BYD Company Limited" нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг 2026 онд БНХАУ-д 20 мянган ширхэг барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхгийг барьсан байна.
Харин "Blade Battery" технологид суурилсан "Sky shuttle" нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод нэвтрүүлсэн туршлагатай ажээ.
Холбоотой мэдээ

Агаарын чанарын мэдээллийн төв ашиглалтад орлоо

Хар тамхи 10 жил хэрэглэсэн иргэн: Онлайн дэлгүүрээс захиалах нь хувцас захиалахаас ч амархан болсон

Тайландын нисэх буудалд бүртгэлтэй ачаа тээшийг нээж шалгах журам эхэллээ

Нүүрсний тээвэрт "цүнхний" компаниуд хувь машинтай иргэдээс хураамж авч байна гэв

KFC-ийн АНУ дахь салбарууд 2027 оноос Coca-Cola худалдаалж эхэлнэ

