Украины хүүхдийн эмнэлэгт халдах тушаал өгсөн Оросын генерал буудуулж шархаджээ

Оросын агаарын зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан Саратов мужийн нутагт буудуулж, шархадсан гэж тухайн улсын хууль сахиулах байгууллага болон хэвлэлүүд Пүрэв гарагт мэдээлжээ.
Оросын Мөрдөн Байцаах Хорооны мэдэгдэлд дурдсанаар Энгельс хотод “цэргийн алба хаагчийн амь насанд халдах оролдлого” гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэргийн газраас “галт зэвсгийн сум болон дайз” олдсон гэж нэмж мэдээлсэн.
Шархадсан офицерыг нисдэг тэргээр Москва хотын эмнэлэгт хүргэснийг Коммерсант сонин хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Албан ёсны мэдээлэлд нэр дурдагдаагүй ч зарим эх сурвалжууд хохирогч нь Энгельс-2 агаарын баазын стратегийн бөмбөгдөгч онгоцны дивизийн командлагч, хошууч генерал Николай Варпахович байж болзошгүй гэж мэдээлжээ. ОХУ-ын батлан хамгаалах яам энэ талаар тайлбар хийгээгүй байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Варпахович хувийн зуслангийн байрныхаа гадаа байх үед мотоцикль унаж, дуулга өмссөн этгээд бие, нүүрэнд нь хоёр удаа буудаад зугтсан гэнэ.
Украины хууль сахиулах байгууллага энэ долоо хоногийн Даваа гарагт Варпаховичийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэснээ зарласан. Тодруулбал, түүнийг 2024 оны долдугаар сард Киев хотын Охматдыт хүүхдийн эмнэлэгт пуужингаар довтлох тушаал өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм.
Өчигдөр Энгельс хотод гарсан халдлагын талаар Украины тал яаралтай мэдэгдэл хийсэнгүй. Хэрэв Варпаховичийн хохирогч болсон нь батлагдвал, энэ нь сүүлийн бараг хоёр жилийн хугацаанд халдлагад өртсөн Оросын долоо дахь генерал болж байгааг Медуза мэдээлэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

