УИХ-ын гишүүн: Говийн бүсэд зарласан аукционоос 600 МВт хүчин чадлыг нуусан

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний яамнаас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр сонгон шалгаруулалтад 600 МВт хүчин чадлыг нуусан нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг зөрчсөн, мэдээллийг хүртээмжтэй түгээгээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
“Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх том хүчин чадлын буюу 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нууц байдлаар зарлажээ. Нэгдүгээрт, эрчим хүчний аливаа эх үүсвэрийн ТЭЗҮ нь ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар батлагддаг бол энэ эх үүсвэрийн ТЭЗҮ байхгүй. Хоёрдугаарт, зөвхөн өөрийн вебсайтад зарласан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, яамны цахим хуудсанд тавиагүй” гэв.
Мөн тэрбээр “600 МВт хүчин чадлыг зарлаагүй. Жилдээ 1.7 тэрбум кВт/ц үйлдвэрлэх нарны, салхин станцуудыг шалгаруулна гэсэн нь хүчин чадлыг нуусан хэрэг. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар дуудлага худалдаа зарлахдаа хүчин чадлыг заавал бичих ёстой” гэв.
УИХ-ын гишүүн “Эдгээр станцууд Оюутолгойг дотоодоосоо цахилгаанаар хангах зорилготой. Гэвч сэргээгдэх эх үүсвэр нар, салхигүй үед эрчим хүч үйлдвэрлэхгүй тул Оюутолгойг найдвартай хангаж чадахгүй. Ингэснээр Хятадын эрчим хүчний системд холбогдохоос аргагүй болж, зүүн бүсийн аймгууд хараат байдалд орно” гэлээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

