UBCab-ийн технологийн шийдлийг Google онцолжээ

Google Maps Platform-ийн албан ёсны блогт Монголын UBCab компанийн хот доторх зорчилтын үйлчилгээг сайжруулах технологийн шинэчлэлийг танилцуулсан нийтлэл гарчээ.
«UBCab: Reducing average passenger pickup times by 25% with Google Maps Platform» нэртэй уг нийтлэлд хоёр компанийн хамтын ажиллагаа, түүнчлэн уг технологийг Улаанбаатарын замын хөдөлгөөн, цаг агаар, хаягийн мэдээллийн онцлогт хэрхэн тохируулан ашиглаж буйг дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Улаанбаатарын өвлийн улиралд агаарын температур -40°C хүртэл буурч, замын хөдөлгөөний ачаалал болон байршлын мэдээллийн хязгаарлагдмал байдал нь зорчигчийг цаг хугацаанд нь хүргэхэд хүндрэл учруулдаг гэж эх сурвалжид дурджээ.

UBCab нь Google Maps Platform-ийн зам тооцоолол, навигацийн технологийг жолооч хуваарилалтын системтэйгээ нэгтгэн, замын хөдөлгөөн болон бодит зорчих хугацааг харгалзан жолооч сонгодог шийдлийг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Монгол хэл дээрх дуут навигаци, хаягийн мэдээлэл дутмаг бүсэд ажиллах өөрийн хаягийн систем зэрэг шийдлийг хөгжүүлж, хэрэглэгчийн өдөр тутмын зорчилтыг илүү ойлгомжтой, найдвартай болгоход анхаарчээ.


Хамтын ажиллагааны үр дүнд дараах үзүүлэлтүүд сайжирсан:
- Зорчигч авах дундаж хугацаа 25%-иар буурсан
- Жолоочийн дуудлага хүлээн авалт 15%-иар өссөн
- Зорчигчид сар бүр нийт 540 цагийн хүлээлтийг хэмнэж байна
- Үнэ болон ирэх хугацаатай холбоотой гомдол 30–40%-иар буурсан
Эдгээр үзүүлэлт нь технологийн шинэчлэл UBCab-ийн дотоод үйл ажиллагаанд төдийгүй хэрэглэгч, жолоочийн өдөр тутмын туршлагад шууд нөлөөлж буйг харуулж байна.
Монголын шийдлийг олон улсад танилцууллаа
UBCab болон Google-ийн хамтын ажиллагаа нь Монголын зах зээлийн онцлогт тулгуурласан технологийн шийдлийг дэлхийн технологийн платформын албан ёсны сувгаар танилцуулсан жишээ болжээ. Уг нийтлэлд Улаанбаатарын замын хөдөлгөөн, хаягийн мэдээлэл, цаг агаарын эрс тэс нөхцөл зэрэг орон нутгийн онцлогт технологийг хэрхэн тохируулан ашиглаж болохыг UBCab-ийн жишээн дээр харуулсан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

