Цэцэрлэг, сургуулийн 265,958 хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж эхэлсэн бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлснээр цэцэрлэгийн дунд бүлгийн 3 настнууд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр үзлэгт хамруулах юм байна.
Эцэг эх, асран хамгаалагч нарт зөвшөөрлийн хуудас өгөх бөгөөд уншиж танилцаад зөвшөөрсөн тохиолдолд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой богино хэмжээний асуумж бөглүүлсний дараа үзлэгт хамруулах ажээ.
Зөвшөөрлийн хуудас нь дараах мэдээллийг агуулна:
- Эрт илрүүлгийн үзлэгийн зорилго
- Ямар үзлэг, үнэлгээ хийх
- Үзлэгийг хэн, хэрхэн хийх
- Эрсдэлтэй эсэх
- Мэдээлэл хэрхэн хамгаалагдах тухай
Хоёр сар үргэлжлэх энэхүү үзлэгт 265,958 хүүхдийг хамруулах бөгөөд хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судас, нурууны муруйлт, хавтгай тавхай, сэтгэл зүйн үнэлгээ зэрэг багтжээ. Үзлэгийн үр дүнгийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг гэр бүл бүрд хүргэнэ.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

