Цэцэрлэг, сургуульд эрт илрүүлэх үзлэг эхэллээ

AI мэдээ
Цэцэрлэг, сургуульд эрт илрүүлэх үзлэг эхэллээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар өчигдөр эхэллээ. Үзлэг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын турш үргэлжилнэ.

Цэцэрлэгийн дунд бүлэг, нэг, зургаа, аравдугаар ангийн гурав, зургаа, 11, 15 настай нийт 265,958 хүүхэд энэ үзлэгт хамрагдана.

Хүүхдийн өсөлт, хөгжил, хөгжлийн хоцрогдол болон эрсдэлт хүчин зүйлийг эрт үед нь олж тогтоож, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ, тусламж, үйлчилгээнд хамруулах зорилготойг Боловсролын Яамнаас мэдээлсэн. Ингэснээр хүүхдийн өвчлөл буурч, сурч хөгжих нөхцөл бүрдэж, амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.

Үзлэгээр сурагчдын биеийн ерөнхий үзүүлэлт, хөгжлийг оношилно. Арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, амны хөндийн эрүүл ахуй зэрэг багтана. Нас бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагаас хамааран зүрх судас, нурууны муруйлт, хавтгай тавхай, сэтгэл зүйн үнэлгээг хийж байна.

Сурагчдыг үзлэгт хамруулахдаа эцэг, эх, асран хамгаалагчдыг урьдчилж мэдээллээр ханган, зөвшөөрөл авна. Үзлэгийн үр дүнгийн талаар дүгнэлт, зөвлөмжийг гэр бүл бүрд хүргэнэ гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.

Эрүүл мэндНийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ