Цэргийн тэтгэвэрт гарсан ахмадууд сургуульд хүүхэд хамгаалагч цагдаагаар ажиллаж эхэллээ

“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэлсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы хэлснээр, сүүлийн таван жилд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 1,228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Тэдгээрийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай аж.
Хууль сахиулах байгууллагууд хүүхэд хамгаалах чиглэлээр олон аян, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч тогтолцооны түвшинд урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх шаардлага гарсан тул энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэж сайд онцолсон.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд тэд сургууль болон ойр орчны хүүхэд олноор цуглардаг цэгүүдэд эрсдэлийн үнэлгээ хийж, орц, гарц, замын хөдөлгөөний нөхцөлд хяналт тавина.
Мөн тэд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлд байгаа хүүхдийг илрүүлэн хамгаалах арга хэмжээ авах юм.

Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран зохион байгуулж, “School police” эргүүлд ажиллаж буй эцэг, эхчүүдэд арга зүйн удирдлага өгнө.
Энэхүү “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан хэрэгжүүлж буй бөгөөд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Төр, байгууллагаас гадна иргэн бүрийн оролцоо энэ эрхийг хангахад чухал тул гэр бүл, сургууль, нийгэмд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд иргэд, олон нийтийг оролцохыг уриалж байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

