Трампын хүлээн авалтад Ши Жиньпин оролцсоны дараа АНУ-ын бизнес удирдагчид чуулсан

Лхагва гарагийн орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Вашингтон хотод айлчилсан. Энэ нь арав гаруй жилийн дараа болсон айлчлал болжээ.
Трамп зочиндоо онцгой хүндэтгэл үзүүлж, өөрөө нисэх онгоцны буудалд угтсан. Пүрэв гарагийн өглөө тэд Цагаан ордонд хаалттай хаалганы цаана уулзсан бол орой нь төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцжээ.
Уулзалтыг Трамп "маш сайхан" болсон гэж дүгнэсэн ч ярилцсан агуулга нь бүрэн мэдээлэгдээгүй байна. Хятадын төрийн төв хэвлэл энэ үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлаар Бээжингийн байр суурийг тайлбарлаж, Тайванийн тусгаар тогтнолын асуудалд "болгоомжтой" хандахыг Трампад уриалсан гэж мэдээлжээ. Цагаан ордны угтах ёслолд B-2 Spirit бөмбөгдөгч онгоц, дөрвөн F-22 Raptor сөнөөгч онгоц нислэгийн үзүүлбэр үзүүлж, хүндэт харуул жагссан байна.

Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп, Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань нар Смитсоний Азийн Урлагийн Үндэсний Музейг үзэж сонирхжээ.
Оройн хүлээн авалтад Ши Жиньпин "Мао" загварын хар хослолтой, Пэн Лиюань улаан өнгийн урт даашинзтай ирсэн байна.
Цагаан ордноос хүлээн авалтад уригдсан 134 зочны нэрсийг зарласан. Эдгээрийн ердөө 19 нь Ши Жиньпин болон Хятадын бусад төрийн өндөр албан тушаалтнууд байсан бол бусад нь Трампын танхимын албан тушаалтнууд, Америкийн бизнесийн удирдагчид байжээ.

Хүлээн авалтад Nvidia-гийн Женсен Хуан, Apple-ийн Тим Күүк, Microsoft-ийн Сатъяа Наделла, Google-ийн Сүндар Пичай, SpaceX-ийн Илон Маск, Amazon-ий Жэф Безос, OpenAI-ийн Сэм Олтман, Goldmen Sachs-ийн Жэйми Даймон зэрэг бизнесмэнүүд оролцжээ. Харин Хятадын талаас бизнесийн төлөөлөгчид байгаагүй нь анхаарал татсан.

Хүлээн авалтын зоогийн цэсэнд хятад хоолны орц, амталгаатай америк хоолнууд байжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

