Трампын бэр: Бахамын найрын зардлыг Оросын олигархи Кремлёв даасан

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жүниор болон эхнэр Беттина Трамп нарын Бахамын арлууд дээрх хуримын дараах хоёр өдрийн найрын зардлыг Оросын олигарх Умар Кремлёв даасныг Беттина хүлээн зөвшөөрчээ.
Тэд өнгөрсөн тавдугаар сарын нэгний Баасан гарагт хуримлаж, дараа нь амралтын хоёр өдрийг Бахамын арлуудад тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Хуримын тов гарахаас өмнө төлөвлөгдсөн байсан уг арга хэмжээг Кремлёв зохион байгуулсан ч өөрөө оролцоогүйг Беттина Даваа гарагт Инстаграм хуудсаараа мэдээлжээ.
“Манай дотнын найз Умар бидний хуримын дараах гайхалтай хоёр үдшийг маш өгөөмрөөр зохион байгуулж өгсөн. Энэ бол найзын зүгээс барьсан маш том хуримын бэлэг байсан бөгөөд бид түүнд одоо ч талархсаар байдаг” гэж тэр бичжээ.
Даваа гарагийн өглөө “ProPublica” агентлаг Кремлёв хувийн арал түрээслэх, ёслолын буудлага зохион байгуулах зэрэгт олон зуун мянган доллар зарцуулсныг анх мэдээлсэн байна.
Кремлёв нь ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай Оросын олигарх бөгөөд Оросын эрчим хүчний аварга компани Газпромоос санхүүждэг Олон Улсын Боксын Холбооны тэргүүн юм. Газпром АНУ-ын санхүүгийн хориг арга хэмжээнд шийтгүүлсэн. Кремлёв бас Путинтэй ойр холбоотой гэсэн үндэслэлээр Украины засгийн газрын хориг арга хэмжээнд шийтгүүлж, саяхан Путиний айлчлалд дагалдан Хятадад очиж байжээ. Киевийн эрх баригчид мөн Кремлёвын гэр бүлийн холбоотой байгууллагыг Украины хүүхдүүдийг хулгайлах хөтөлбөрт оролцсон үндэслэлээр шийтгэсэн байна.
Кремлёв өөрөө уг арга хэмжээнд оролцоогүй байж болох ч Трампын ууган хүү болон бэрийн хоёр өдрийн найрын зардлыг даасан нь АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг улам гүнзгийрүүлж байна.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд түүний хөвгүүд Trump Organization компанийн гадаад дахь үйл ажиллагааг улам өргөжүүлж байгаа бөгөөд Трамп Жүниор болон гэр бүлийн бусад гишүүд крипто валютын үйл ажиллагаа эрхэлдэг World Liberty Financial компанийн гол хувь эзэмшигчид юм. Трампын хамгийн сүүлийн санхүүгийн тайланд тэр өнгөрсөн онд криптотой холбоотой бизнесээс 1.4 тэрбум долларын ашиг олсныг харуулж байв.
Беттина мэдэгдэлдээ Бахамын найр нь “хуримаас өмнө найзуудын зугаалга хэлбэрээр төлөвлөгдсөн” байсныг тайлбарлажээ.
“Энэ амралт хуримын үргэлжлэл байхаар анхнаасаа төлөвлөгдөөгүй байсан. Хуримын тов өөрчлөгдөхөд бид үүнийг хуримын дараах баяр болгохоор шийдсэн юм” гэж тэр бичээд “үүний цаана ямар ч хуйвалдаан, нууц байгаагүй”, “найз нөхөрлөлд улс төр хамаагүй” гэж тайлбарласан байна.
Кремлёвын хэвлэлийн алба түүнийг Трамп Жүниортой хоёр жилийн өмнө уулзаж байсан, найз нөхрийн харилцаатай байдгийг мэдэгдсэн бол Цагаан ордон Беттинагийн мэдэгдэлтэй холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

